Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид 06 дугаар сарын 16-ны өдөр ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын ууган хүрээлэнгийн нэг болох тус хүрээлэн 11 салбар нэгж, 150 гаруй судлаачтай үйл ажиллагаа явуулж байна. Уулзалтын үеэр талууд тус тусын байгууллагаа товч танилцуулж, цаашдын хамтын ажиллагаа, судалгааны чиглэлийн талаар санал солилцлоо. Тухайлбал, тус хүрээлэнгийн судлаачдад ДХИС-ийн багш эрдэмтэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, Онцгой байдал, Цагдаагийн сургууль болон Шинжлэн магадлах ухааны сургуульд Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн мэргэжилтэн холбогдох агуулгаар сургалт зохин байгуулах, бусад төрлийн байгалийн баялаг (ой мод, ус, эрүүл хөрс, мөстлөг, цэвдэг)-ийг ашиглахтай холбоотой эрх зүйн зохицуулалт хийх зорилгоор хамтарсан хэлэлцүүлэг хийх, үер усны аюул эрсдэлийг саармагжуулах, газар зүйн нэр томьёог жигдрүүлэх, хил орчмын газар нутгийн аюулгүй байдал, судалгааны арга зүй, технологийн солилцоо хийх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.
Энэ удаагийн уулзалтын үеэр шинжлэх ухаанд хувь нэмэр оруулах талаар буюу орон зай, ландшафтын аналог, геоэкологийн систем, эрсдэлийн позитивист зэрэг аргад суурилсан пост-позивитизмийг хөгжүүлэх бүрэн боломжтой талаар ярилцсан нь онцлог байлаа.