“ШОХОЙ” БАТ-ЭРДЭНЭ

Огноо: 2025-09-30
“ШОХОЙ” БАТ-ЭРДЭНЭ
“ШОХОЙ” БАТ-ЭРДЭНЭ

Криминалистикийн багшийн цөөхөн хэдэн орон тоо төдийхнөөс мэргэжлийн тэнхим, институт, цаашлаад сургууль байгуулж, бакалавр, магистр, доктор гээд криминалистикийн шинжээч мэргэжилтнийг эх орондоо бүх шатанд нь бэлтгэх үйлсийн жанжин шугамд зүтгэсэн, мартахын аргагүй гавьяатай хүн бол доктор, профессор, цагдаагийн хурандаа Бө.Бат-Эрдэнэ.

✅ Бө.Бат-Эрдэнэ багш ЗХУ-ын ДЯЯ-ны Волгоград хотын Мөрдөн байцаагчийн дээд сургуульд шинжээчийн мэргэжил эзэмшиж, энэ мэргэжлээрээ цагдаагийн байгууллагад 15 жил шинжээч, ахлах шинжээчээр ажилласан байдаг.

✅ Тэрээр 1998 онд Цагдаагийн дээд сургуульд Криминалистикийн техник зүйн багшаар томилогдсоноор криминалистикийн шинжээч мэргэжилтнийг бэлтгэх төдийгүй хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлын салбарын хүний нөөцийг бэлтгэдэг эрдмийн уурхай Дотоод хэргийн их сургуулийг хөгжүүлэх их ажлын гараа нь эхэлсэн түүхтэй. Энэ цагаас Гүйцэтгэх ажлын тэнхимд ахлах багш, Криминалистикийн шинжилгээний тэнхимийн эрхлэгч, ЦАБС факультетын эрхлэгч, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Цагдаагийн сургуулийн захирал, Удирдлагын сургуулийн захирал, Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал зэрэг олон хүндтэй албыг хашиж амьдралынхаа 30 орчим жилийг Дотоод хэргийн их сургуулийн хөгжил дэвшлийн төлөө зориулсан юм.

Тэрбээр Цагдаагийн академиас их сургууль болон өргөжин хөгжихөд бүхий л бичиг баримтын боловсруулалт дээр ажилласан байдаг.

✅ Криминалистикийн хичээл нь сургалтын лабораторийн технологид суурилдаг онцлогтой учир самбарт бичээд, яриад өнгөрөх боломжгүй. Тиймээс мэргэжлийн кабинет, тусгай сургалтын орчин зайлшгүй хэрэгтэй. Тэрээр томилогдож ирээд нэн түрүүнд Б.Жаргалсайхан багшийн хамт суралцах, ажиллах таатай сургалтын орчныг шинээр бүрдүүлэхээр бүтээн байгуулалтын ажилд ханцуй шамлан орсон байна.

Бө.Бат-Эрдэнэ багш аливаа шинэ санааны ундарга бол Б.Жаргалсайхан багш түүнийг нь дэмжиж, ажил хэрэг болох үндсийг тавьдаг байжээ.

✅ Хичээлээ өглөө нь зааж, үдээс хойш нь тохижилтын ажлаа хийсээр бүтэн хоёр жил шавар, шохойтой зууралдсаны хүчинд санасандаа хүрч багш, сонсогчдынхоо хүчээр сая нэг сургалтын орчноо бүрдүүлж дуусжээ. Ийнхүү тэд гайхалтай хоршин ажиллаж, криминалистикийн кабинет, сургалт дадлагын полигон, криминалистикийн түүхийн музей гээд л яг төсөөлсөн сургалтын орчноо байгуулсан байна.

✅ Сургуулийн уурын зуухны ард тохижуулсан сургалт, дадлагын А цогцолбор буюу сургалтын полигонд л гэхэд “уул” барьж, уулынхаа өвөрт жижиг цөөрөм, жижиг горхи, гэр, байшин, малын хашаа, саравч, агуй гээд үзлэг, шинжилгээ хийх олон обьект байгуулжээ. Сонсогчид монгол гэр, хашаа, байшин зэрэг төрөл бүрийн обьектод гарсан гэмт хэрэгт мөрдөх ажиллагаа явуулах дадалд суралцах, элсэн дээрээс, мөн хээр, хангайн бүсийн хөрсөн дээрээс хөлийн мөр илрүүлж, гипс цутган бэхжүүлэх зэрэг практик ажиллагаанд суралцах боломжтой, маш сайхан орчин бүрдүүлсэн байна. Ингэснээр тэд онолын төдийгүй шинжээч мэргэжлийн ур чадвар, хандлагад сургах хичээлийг бий болгож чаджээ.

✅ ОХУ-ын ДЯЯ-ны Москва дахь их сургуулийн захирал Кикот, Ленинградын их сургуулийн захирал Сальников гэж хоёр генерал манай улсад ирэх үедээ тэдний тохижуулсан кабинет, сургалт, дадлагын төвийг үзээд “Монголд криминалистикийг ийм гүнзгий заадаг гэж мэдсэнгүй. Нутагтаа очоод сургуулиа яг ийм болгоно оо” хэмээн дуу алдаж байсан гэдэг. Түүнчлэн тухайн үеийн “Хуулийн их, дээд сургуулиудын консерциум”-ийн удирдлагууд Монгол Улсад хуулийн их, дээд сургуулиудын дунд “Криминалистикийн хичээлийг зөвлөх эрхтэйгээр заах сургууль” гэж Цагдаагийн академийг тодруулж байжээ.

✅ Хоёр жил шавар, шохой зуурсны хүчинд сая нэг санасандаа хүрсэн ч “Шохой л зуурдаг, эрдмийн ажилд маруухан нөхөр” гэх яриа гарч, бүр “Шохой Бат-Эрдэнэ” гээд хочлоод авчээ. Анх сонсоод дургүй нь хүрсэн ч “Шохой ч зуурна, эрдэм шинжилгээний ажил ч хийнэ гэдгээ батлан харуулна” хэмээн Бат-Эрдэнэ багшийн шар хөдөлжээ. Нөгөө талаар анхлан бэлтгэж байгаа криминалистикийн мэргэжлийн ангийн сонсогч, суралцагчдад үзэх ном, сурах бичиг ховор бөгөөд кримналистикийн техник зүй заадаг гурван багш өөрсдөө оросоос орчуулж хичээлээ бэлтгэдэг байснаас нэр томьёо зөрөх, дэг сургууль, үзэл баримтлал ялгаатай байх зэрэг олон асуудал гарсан учир шинжлэх ухаан дахь криминалистикийн нэр томьёог цэгцэлье, нэгдмэл нэг ойлголтоор энэ хичээлийг заая гэх бодлын үүднээс номоо бичиж эхэлсэн байна.

✅ Энэ бол Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдын эрэлт хэрэгцээтэй номын жагсаалтыг жил бүр тогтмол тэргүүлж, зөвхөн нэг хичээлийн жилд 500-800 удаа эргэлтэд ордог “Ногоон ном” хэмээн алдаршсан “Криминалистик” бүтээл юм.

Тэрбээр энэхүү номыг маш богино хугацаанд бичсэн учир хавтасны дизайнаа ногоон өнгөөр хийжээ. Боловсорч гүйцээгүй жимс ногоон өнгөтэй байдаг учраас тэрбээр “Миний энэ ном түүхий байгаа шүү” гэх санааны үүднээс энэ өнгийг сонгосон байна. Номын хавтсан дээрх “КРИМИНАЛИСТИК” хэмээх үгний эхний К үсэг нь дундад зууны Баруун Европийн ном барладаг үеийн шрифтээр бичигджээ. Энэ нь криминалистикийн шинжлэх ухаан бол эрт дээр үед Баруун Европод хөгжсөн, олон зууны улбаатай, хуучны шинжлэх ухаан гэдгийг илтгэж байгаа гэнэ. К үсэг нь ганцаараа улбар шар өнгөөр бичигдсэн нь алим хэмээн үзвэл нэг талаасаа шарлах гэж байгаа гэх санааг гаргажээ.

✅ Криминалистикийн шинжлэх ухааны үндсэн тулгуур ойлголтуудыг нэгтгэн цэгцэлж, системчлэн хураангуйлж бичсэн энэхүү бүтээл нь анх 2003 онд нийтийн хүртээл болж, 2017 онд дахин хэвлэгджээ. Тус бүтээлд анхлан томьёолсон цөөнгүй ойлголт, ухагдахуун, ангилал, шинээр дэвшүүлсэн нэр томьёог өдгөө судлаач, мэргэжилтнүүд хэрэглэж хэвшсэнд тус номын ач холбогдол оршиж байгаа юм. Түүнчлэн шинжлэх ухаан, практикт тулгамдаж буй олон асуудлыг тус бүтээлд нээн гаргаж, шийдвэрлэх, хөгжүүлэх шаардлагатай онол, хэрэглээний үндсүүдийг залуу судлаачдын өмнө дэлгэн тавьсан нь эл салбарын ойрын ирээдүйн хөгжлийн чиг баримжаа болж байгааг судлаачид онцолдог.

✅ Тэрээр 2006 онд ОХУ-ын ДЯЯ-ны Москвагийн их сургуулийн адьюнкурт суралцахаар зорьжээ. ОХУ-ын Гавьяат багш, ОХУ-ын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, домогт Н.П.Майлисаар докторын судалгааны ажлаа удирдуулан Орос нутагт гурван хаврыг үдсэний дараа 2009 онд докторын зэргээ амжилттай хамгаалахад нь шинжлэх ухааны доктороор үргэлжлүүлэн суралцахыг урьсан ч ажлын шаардлагаар суралцаж чадалгүй эх орондоо ирсэн байдаг. Ийнхүү шохой ч зуурна, эрдэм шинжилгээний ажлыг ч чанартай сайн хийнэ гэдгээ батлан харуулжээ.

✅ 2000 оны хавар тэдний хүсэл биеллээ олж бие даасан Криминалистикийн шинжилгээний тэнхим байгуулагдаж, эрхлэгчээр нь Бө.Бат-Эрдэнэ багшийг томилсон байна. Тэр үеэс шинжээчийн мэргэжлийн ангийг нээх асуудлыг хөөцөлдөж, Цагдаагийн академи, Цагдаагийн ерөнхий газар, Боловсролын яам руу шат дараалан танилцуулахын зэрэгцээ сургалт явуулах бэлтгэл ажлаа ч хангаад байжээ. Ийнхүү 2003 онд “Эрх зүйч-Криминалистикийн шинжээч” мэргэжлийн анги нээх зөвшөөрөл олгосноор дотооддоо шинжээч мэргэжилтнийг бэлтгэж эхэлсэн түүхтэй.

✅ Тэрбээр 38 настайдаа багшаар томилогдон ирж байжээ. Анх ирээд л хамт ажилладаг залуусдаа “Би шинжээч мэргэжилтэй. Энд шинжээч бэлтгэдэг сургууль нээнэ” хэмээн хэлж байжээ.

Бө.Бат-Эрдэнэ багш криминалистик хэмээх хичээл төдийхөн байх үеэс энэ шинжлэх ухааны төлөө зүтгэж, өдгөө бакалавр, магистр, докторын хөтөлбөртэй, Шинжлэн магадлах ухааны сургууль хэмээх тусдаа сургуулийг бий болоход үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан хүн юм. Хүн зөв хэмээн бодсон зүйлийнхээ төлөө тууштай, зоригтой зүтгэснээр гарах үр дүн нь хэмжээлшгүй ажээ. Тэр бол алсыг хардаг, зорилгынхоо төлөө зогсолтгүй, тууштай хөдөлмөрлөдөг, хэлсэндээ хүрдэг эр аж.

✅ Бө.Бат-Эрдэнэ багшийн бас нэг онцлох ажил нь Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлах сургууль байгуулахыг санаачлан жанжин шугамд зүтгэсэн явдал юм. Их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирлаар ажиллаж байх үедээ 2014 онд бусад улсын их сургуулиуд дэргэдээ лицей сургууль ажиллуулж байгааг анзааран судалж эхэлжээ. Цөөнгүй саад бэрхшээлийг даван 2017 онд Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуультай хамтран хууль сахиулах чиг баримжаатай гүнзгийрүүлсэн сургалттай туршилтын ангийг хичээллүүлж эхэлсэн байна. Улмаар 2018 онд гүнзгийрүүлсэн ангиас Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Ахлах сургууль болтлоо өргөжин тэр оныхоо 09 дүгээр сарын 01-нд нээлтээ хийсэн түүхтэй.

✅ Бө.Бат-Эрдэнэ багш олон сурах бичиг бичсэн хүн биш. Учир нь цаг заваа өөртөө биш, шавь нартаа зориулж иржээ. Тиймдээ ч цагдаа, шүүх шинжилгээ, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэл зэрэг хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлын бүхий л салбарт олон доктор, эрдэмтэн төрүүлсэн гавьяатай, шавьдаа өгөөжтэй багш юм.

Удирдагч багш Бө.Бат-Эрдэнэ гэх автораар түүний төрүүлсэн шавь нарын тоо хязгаарлагдахгүй. Өөрт нь “хамааралгүй” хэрнээ л өөрөө удирдаж буй мэт маш их цаг хугацааг зориулан зааж, зөвлөж, чиглүүлж, сэтгэлээрээ “төрүүлсэн” доктор олон бий.

Түүний шавь нар өдгөө хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлын бүхий л салбарт бодлого тодорхойлох хэмжээнд зүтгэсэн багш шигээ гарамгай эрдэмтэн судлаачид болжээ.

Түүнчлэн Бө.Бат-Эрдэнэ багш бол криминалистикийн шинжлэх ухааны бүх л бүтэн эрдэмтэн судлаачдын багийг бий болгосон гавьяатай. Тэр бол криминалистикийн шинжлэх ухааныг Монголд хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан хэлэх үгтэй, хийсэн ажилтай, Шүүх шинжээчдийн евроазийн академийн гишүүн, мөртэй эрдэмтэн юм.

Ахлах дэслэгч Д.Дайрийжав

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.212)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram