СПОРТЫН ТАЛБАРААС МӨРДӨС, МӨРӨӨДӨЛ ХҮРТЭЛ

Огноо: 2025-06-30
СПОРТЫН ТАЛБАРААС МӨРДӨС, МӨРӨӨДӨЛ ХҮРТЭЛ
СПОРТЫН ТАЛБАРААС МӨРДӨС, МӨРӨӨДӨЛ ХҮРТЭЛ

Дотоод хэргийн их сургуулийн багш, албан хаагчдын өнгөрсөн оны сагсан бөмбөгийн лигийн тэмцээн нэлээн ширүүхэн өрнөсөн билээ. Тэр дундаа алтан медалийн төлөөх тоглолт жинхэнэ “гал асаасан” өрсөлдөөнтэй явагдсан юм. Хоёр багийн ахлагчдын ширүүхэн өрсөлдөөн хөгжөөн дэмжигчдийг “Залуу нас ялах нь уу, туршлага ялах нь уу” гэх таавар, догдлолоор дүүргэж байв. Бидний ярианы гол сэдэв болсон “залуу нас” гэдэг нь дөнгөж сургуулиа төгссөн сагсчин, дэд ахлагч залуу, “туршлага” нь Монголын сагсан бөмбөг, гандболын спортын мастер, цагдаагийн хошууч Б.Баатарсүрэн нар байлаа.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын модны үйлдвэрийн бригадын ахлагч, Монгол Улсын хоёр удаагийн хөдөлмөрийн аварга Батсайхан, гэргий Алтанцэцэг нар 1987 онд удам залгах хүүгээ өлгийдөн авсан нь Баатарсүрэн юм. Тэр багаасаа аав, ээжийнхээ хөдөлмөрч, зарчимч, шударга байдлыг харж, бахархаж өссөн нь хариуцлага, ёс зүйг эрхэмлэсэн, албандаа нэртэй төрийн тусгай албан хаагч болох үндэс байлаа.

Баатарсүрэн багадаа их намхан, биеийн тамирын хичээлд доороосоо гуравт жагсдаг байжээ. Харин удмынх уу, эсвэл спорт тоглоомоор уйгагүй хичээллэснийх үү 9 дүгээр ангид ордог жилээсээ огцом хурдацтай өсөж, их сургуульд орохдоо 192 см өндөртэй болоодохож.

Ийнхүү тэр биеийн хэлбэр төрхөөрөө ч, спортын ур чадвараараа ч багш нарынхаа анхаарлыг татан сургуулийн шигшээд багтан аймгийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцох болсноор спортын замнал нь эхэлсэн түүхтэй.

Аймгийн аваргаас удаа дараалан медаль хүртээд байх үед нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулиас биеийн тамирын багшаар суралцах урилга ирснээр хоббигоо мэргэжил болгох ховорхон завшаан тохиожээ. МУБИС-ийн биеийн тамирын багшийн ангид элссэн нь хүсэл сонирхол, мөрөөдөл, мэргэжлээ нэг замд оруулсан амьдралын том алхам байлаа.

МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд спортын ур чадварыг хөгжүүлэх төрөл бүрийн секц, дугуйлан хичээллэдэг байжээ. Тэр өөрт тохирохыг сонгохоор сагс, волейбол, гандбол, бөх гээд олон төрлийн хичээлд суусны эцэст спорт тоглоомыг сонгосон байна. Энэ үед үндэсний бөхийн багш нь түүнийг шинжиж, бөхөөр хичээллэхийг санал болгож байжээ. Хэдий бөхөд дуртай ч хичээллэхээс татгалзан багшаасаа “зугтчихаж”. Харин сүүлд дөрөвдүгээр курс төгсдөг жилээ сумынхаа наадамд зодоглож сумын начин цол хүртсэн байна.

Баатарсүрэн их сургуулийнхаа сагсан бөмбөг, гандболын шигшээ багт сонгогдон оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцох болсон аж. Сагсан бөмбөгөөр хэд хэдэн удаа оюутны улсын аваргын медаль хүртсэн бол гандболын спортын төрлөөр оюутны төдийгүй Монгол Улсын залуучуудын аваргаар удаа дараалан тодорч медалийн цуглуулгаа зузаатгасаар байлаа.

Их сургуулиа төлөөлөн тэмцээн, уралдаанд оролцохын зэрэгцээ Монгол Улсын Сагсан бөмбөгийн холбооны шүүгчээр тогтмол ажиллаж ирсэн байна. Тэрээр амралтын өдрүүдээр энд тэнд тэмцээний шүүгчээр ажиллаж халаасны мөнгөө олчихдог сэргэлэн оюутан байжээ. Түүний ажлын, амралтын бүхий л өдөр зааланд өнгөрдөг байлаа.

Ийнхүү 2009 оны хавар Биеийн тамирын багш-дасгалжуулагч мэргэжлээр бакалаврын дипломоо гардан авсан байна. Энэ үед багш нь Цагдаагийн академийн 75 жилийн ойн тэмцээнд Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтсийн багт тоглохыг санал болгожээ. байна. Тус тэмцээнээс хүрэл медаль хүрттэл санаанд оромгүй юм болж, Дипломат албыг хариуцаж байсан цагдаагийн дэд хурандаа Түдэв цагдаагийн байгууллагад ажиллах санал тавих нь тэр.

Цагдаа болно хэмээн зүүдэлж ч байгаагүй тэрээр энэ талаар аав, ээжтэйгээ зөвлөлджээ. Аав нь “Миний хүү байнга сагс тоглоод амьдарна гэж юу байх вэ. Чи хөгширнө. Төрийн албанд тэр дундаа цагдаагийн албанд зүтгэнэ гэдэг маш бахархалтай сайхан” хэмээв. Тэгээд л цагдаа болохоор сэтгэл шулуудаж 2010 оны 2 дугаар сард цагдаагийн курст суралцсан байна.

Амьдрал гэдэг санаанд оромгүй учрал ерөөлөөр дүүрэн байдаг ажээ. Тэрээр өчигдөрхөн тамирчин байсан бол өнөөдөр спортын талбараас амьдралын бас нэгэн утга учир болох төрийн албанд шилжих замын эхлэлээ тавиад байв.

Энэ үед тэрээр Цагдаагийн академийн сонсогчдын аварга шалгаруулах тэмцээнд түр дамжаа буюу одоогийн Ахлагчийн сургуулиасаа баг бүрдүүлж ороод хүрэл медаль хүртжээ. Улмаар Цагдаагийн академийн шигшээ багт бэлтгэл хийж “Хүч” спорт хорооны аварга шалгаруулах тэмцээнд оролцон түрүүлэв гэнэ. Тэгтэл тэнд байсан найман хурандаа түүнийг дуудаж уулзан өөрсдийн хэлтэст ажиллах санал тавьж байжээ.

Цагдаагийн курсээ төгсөөд томилгоо унштал түүнийг ажилд авахаар судалсан Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтэст биш Төмөр замын цагдаагийн хэлтэст томилсон байлаа. Тэгээд нөгөөх Түдэв дэд хурандаадаа хэлтэл “Чи тийшээ битгий яв, хүлээж бай, манайх чамайг авна” гэсэн аж. Удалгүй “Чиний материалыг хайгаад олдоггүй” хэмээн учирлажээ. Хэд хоног хүлээж байгаад шууд л нутаг руугаа явчихаж. Нутагтаа сар сайхан амарчихаад ирээд Хөдөлгөөнт эргүүлийн газар эргүүлийн цагдаагаар томилогдсон байна. “Мөрдөс зүүхээр хараад л баймаар хачин гоё мэдрэмж төрдөг юм билээ. Ард иргэдийнхээ амар тайван амьдрал, аюулгүй байдлыг сахин хамгаалах эргүүлийн цагдаа болсон гэж бодохоор л омогшил, бахархал асгараад байсан” хэмээн Баатарсүрэн ярилаа. Тэр хувцасны хангалт авсан өдрөө ямар ч ажилгүй байсан хэрнээ шинэхэн дүрэмтээ өмсөөд ахынхаараа зочилж байснаа дурсан инээмсэглэв.

Сар гаран эргүүлд гараад байтал нь Хөдөлгөөнт эргүүлийн газрын дарга нь дуудаж “Ерөнхий газраас чамайг Төмөр замын цагдаагийн хэлтэс рүү шилжүүл гээд байна” хэмээн учирлажээ. Ингээд хоёр сар очоогүй таг болсондоо халган халган Төмөр замын цагдаагийн хэлтсийн даргатай уулзтал “Чи хаагуур явж байгаад ирэв ээ” гээд түүний материалыг сейфнээсээ гаргаад ирэх нь тэр. “Дипломатын дарга маань чиний материал олдохгүй байна гээд байсан чинь аль хэдийн энд ирчихсэн байсан юм билээ” хэмээн Баатарсүрэн ярив.

Төмөр замын цагдаагийн хэлтсийн дарга Энхсайхан хурандаа түүнийг халуун дотноор угтан авч хажууд байсан хүндээ “Нөгөө эрээд олдохгүй эрдэнэ чинь энэ шүү дээ” хэмээн инээмсэглэн хэлжээ.

“Энхсайхан дарга намайг мөн ч их дэмжсэн дээ. Өөрөө спортод дуртай хүн байлаа. 2000-аад оны үед Төмөр замын цагдаагийн хэлтэс “Хүч”-ийн аварга шалгаруулах тэмцээнээс байнга медаль хүртдэг, цагдаагийн албанд цуутай байсан юм билээ. Тэр медалийн буухиа нь тасраад нэлээд жил болсон учир Энхсайхан дарга ганц нэг тамирчин авч багаа сэргээх бодолтой байж. Тэгээд намайг авсан юм билээ. Тэр жил “Хүч”-ийн аварга шалгаруулах тэмцээнд би сагсны багийг бүрдүүлж бэлдүүлсэн. Харин волейболын багт тоглосон. Манай хэлтэс волейболын тэмцээнээс хүрэл, сагсан бөмбөгөөр мөн хүрэл медаль хүртсэн. Тэр үед дарга маань ихэд баярлан бүх тамирчныг цалингийн хувиар, намайг хоёуланд нь амжилт үзүүлсэн учраас илүү хувиар шагнаж байлаа” хэмээн Б.Баатарсүрэн дурсав.

Спорт түүний амьдралд олон боломжийг нээжээ. Тэрээр “Сагсан бөмбөг”-ийн спортын төрлөөр насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2009, 2010, 2013, 2015, 2019 онуудад 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль, “Pepsi-D” лигийн тэмцээнээс хүрэл медаль, “Sprite super” лигийн тэмцээнээс мөнгөн медаль, Монголын үндэсний сагсан бөмбөгийн дээд лигийн “Алдар танан гарьд”, “Avatar”, “Сентоза лионс” багийн тамирчин, “Гандбол”-ын спортын төрлөөр оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль, 2010 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуанжоу хотноо зохиогдсон Азийн наадам, 2012 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайяанг хотноо зохиогдсон Элсний Азийн наадам, 2014 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон хотноо болсон Азийн наадмуудад Гандболын спортын төрлөөр эх орноо төлөөлөн амжилттай оролцжээ. Инчоны Азийн наадмаас л гэхэд Монголын тамирчдаас хамгийн өндөр оноог нь авч байжээ. Энэ их хичээл зүтгэлийнхээ ачаар сагсан бөмбөгийн “Спортын мастер”, гандболын “Спортын мастер” цол хүртсэн байна.

Ийнхүү тэр спорт болон төрийн тусгай албандаа тэнцвэртэй, тууштай зүтгэж байтал 2013 онд танил багш нь Дотоод хэргийн их сургуульд ажиллахыг зөвлөжээ. Сурсан мэдсэнээ залууст заах хүсэл бий тул багш мэргэжлээрээ ажиллах боломжтой, офицер ч болно гэсэнд олзуурхан өргөдлөө өгснөөр 2013 онд ДХИС-д Соёмбо спорт хорооны спорт тоглоомын дасгалжуулагчаар томилогдсон түүхтэй.

Баатарсүрэн хэдий багш болох мөрөөдөл тээн ирсэн ч орон тоо байгаагүй тул ийнхүү өөр албанд томилсон байна. Хэдий тийм боловч сургуулийн спортын бүхий л уралдаан, тэмцээнийг зохион байгуулах, улсын аварга шалгаруулах тэмцээнд сонсогчдоо бэлтгэж оролцуулах, багш, албан хаагчдыг агентлаг, байгууллагын тэмцээнд бэлдэх гээд мэргэжлийн ажлаа хийх болсон нь сайхан санагджээ.

Түүнийг оюутан байх үед сагсан бөмбөгийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд “Цагдаагийн академи яах вэ” гээд тоодоггүй байжээ. Тэр сагсан бөмбөгт сонирхолтой хүүхдүүдийг сонгож аваад оюутны аваргад тууштай бэлдэж эхэлсэн байна. Эхний жилдээ хожигдож, дараа жилээс нь сайжирч 4 дэх жилдээ л гэхэд “ДХИС-ийн баг эвгүй шүү, цагаа дуустал үздэг хэцүү” гэж ярих хэмжээнд очсон нь түүний багшлах арга барил үр дүнгээ өгсний илрэл юм.

Түүний санаачлан хийсэн ажлуудаас онцлоод хэлбэл 2013 онд Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдын лигийн тэмцээнийг анхлан зохион байгуулжээ. Энэхүү лигийг ангийн бүх сонсогчийг хамруулж нэг улирлын турш хичээлийн дараа 17-19 цагийн хооронд явуулдаг байж. “Хүүхдүүдийн тоглох чадвар маш их сайжирсан. Бид лигийн аваргын бөгжийг мөнгөөр урлуулан өгч байлаа. Тухайн үеийн сонсогчид тэр лигийг одоо ч дурсаж ярьдаг” хэмээн Баатарсүрэн дурсав.

Тэр мөн лигеонор тамирчдыг урьж сонсогчидтойгоо тоглуулан сонирхолтой олон үйл ажиллагааг санаачлан зохион байгуулдаг байжээ. Энэ их ажлынхаа хажуугаар Үндэсний биеийн тамирын дээд сургуульд магистрын зэрэг хамгаалж, Дотоод хэргийн их сургуулийг “Цагдаагийн ажил-Эрх зүй” мэргэжлээр сурч төгсжээ.

Түүнчлэн агентлаг, байгууллагуудын дундах спортын бүх л тэмцээн уралдаанд сургуулиа төлөөлөн оролцож тогтмол амжилт гаргаж байна. Ерөөс 2013 оноос хойшхи Дотоод хэргийн их сургуулийн спортын амжилтын түүхэнд Баатарсүрэн гэх нэр дурдагдахгүй өнгөрөх нь үгүй. Энэ онд гэхэд л ХЗДХЯ-ны харьяа байгууллагуудын спортын наадмаас манай сургуулийн баг нэгдсэн дүнгээр цом хүртсэн юм.

“Спорт хүнийг тэвчээртэй, хатуужилтай болгодог. Шийдвэр гаргах чадварт сургадаг. Олон сайхан найзтай болдог. Тэмцээн уралдаан орох болгонд хүнтэй танилцаж танилын хүрээ маш их нэмэгддэг” хэмээн Баатарсүрэн хошууч ярилаа.

2017 онд “Соёмбо” спорт хороог Биеийн тамирын тэнхимд нэгтгэх шийдвэр гарч түүнийг багшаар томилох асуудал яригджээ. Одоо л нэг мөрөөдөл биелэх нь хэмээн догдлолж байтал нь штабт ёс журмын ахлахаар томилчих нь тэр. Учрыг лавлахад “Түрдээ энэ ажлыг хийж бай, дараа нь орон тоо гарахаар багш болгоно оо” гэжээ. Ийнхүү тэр “түр” томилогдсон албандаа өдгөө 8 дахь жилдээ зүтгэж байна.

“Штабын албан хаагчид сургуулийн бүх сонсогчтой тулж харилцдаг. Бид багш, албан хаагч, сонсогч, суралцагчдад албаны бэлэн байдал, сахилга, ёс зүйг сахиулах өндөр хариуцлага хүлээж, өдөр тутам хяналт, шаардлага тавьдаг. Бусдад тавьдаг шаардлагадаа өөрөө хүрдэггүй байж таарахгүй. Тиймээс штабын албан хаагч өөрийнхөө хувцаслалт, сахилга, ёс зүйд онцгой анхаардаг” хэмээн Баатарсүрэн хошууч ярилаа.

Дотоод хэргийн их сургуулийн Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын Ёс журам, бэлэн байдал хариуцсан чиглэлийн ахлах офицер хэмээх эрхэм хүндтэй, хариуцлагатай албыг тэр хашиж буй ч багш болох мөрөөдлөө өдгөө ч сэтгэлдээ тээсээр. Тиймдээ ч багшаар томилуулах хүсэлтээ өгчихөөд хүлээгээд л байгаа юм билээ.

Баатарсүрэн хошууч бол өөрийгөө төдийгүй өрөөлийг бүтээлцэж, хөгжүүлж, нөлөөлж чадсан нэгэн юм. Тэр бол Монголын сагсан бөмбөгийн спортод танигдсан тамирчин, албандаа нэр төртэй цагдаа, сэтгэл, зүтгэлтэй дасгалжуулагч, хариуцлагыг эрхэмлэсэн ёс журмын офицер билээ.

Магад “маргааш” түүний мөрөөдөл нь биелж, багш хэмээн дуудуулах нь гарцаагүй биз ээ.

"Эрдмийн далай" сонин. Наймдугаар сар. №118

Ахлах дэслэгч Д.Дайрийжав

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.212)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram