Дэд хурандаа Х.Түвшинсайхан: Багш нар маань Амгалангийн хүйтэн жаварт малгай буулгахгүй зогсох тэвчээрийг хүртэл заадаг байлаа

Огноо: 2025-12-05
Дэд хурандаа Х.Түвшинсайхан: Багш нар маань Амгалангийн хүйтэн жаварт малгай буулгахгүй зогсох тэвчээрийг хүртэл заадаг байлаа
Дэд хурандаа Х.Түвшинсайхан: Багш нар маань Амгалангийн хүйтэн жаварт малгай буулгахгүй зогсох тэвчээрийг хүртэл заадаг байлаа

НАХЯ-ны харьяа Цэргийн тусгай дунд сургуулийн 1981 оны онц төгсөгч, дэд хурандаа Х.Түвшинсайхантай ярилцлаа.

-Нэг сумаар хоёр туулай гэдэг шиг “Удам залгасан мөрдөстөн”, “Онц төгсөгч” гээд сонины маань эрхэм хоёр буланд ярилцлага өгөхөөр ирсэн танд баярлалаа.

-Би 44 жилийн дараа сургуульдаа ирж байна. Сэтгэл догдолж, маш сайхан байна. Сургууль маань өргөжин хөгжөөд тохилог, сайхан сургалтын орчныг бүрдүүлжээ. Ийм сайхан орчинд суралцаж байгаа сонсогч дүү нар маань азтай шүү.

-Я.Рагчаа захирлын барималтай зургаа татуулж харагдана лээ. Таны хувьд их эрхэм хүн бололтой?

-Төрөлх сургуульдаа мөнхөд дурсагдах гавьяатай хүн бол Я.Рагчаа хурандаа мөн. Чадварлаг, шилдэг удирдагч байсны дээр сонсогч бидний эцэг мэт эрхэм дотно хүн байсан.

Биднийг дадлагад гарахаар явах гэж байхад “Устай газар хүний түрүүнд бүү яв. Модтой газар хүний хойно бүү яв” гэж захиж байсан. Ганцхан өгүүлбэрээр л аюулгүйн арга хэмжээг заагаад өгчхөж байгаа нь тэр. Модтой газар хүний ард явахаар мөчир нь шавхуурдаад байдаг шүү дээ.

-Тэр үеийн карантины хэцүүг үлгэр домог шиг л ярьдаг. Карантинд гарсан үеэ дурсвал?

-Бидний сонсогч амьдрал Туул голын эрэг дээр морин тойруулгын дэргэд 45 хоногийн карантинд гарснаар эхэлж байлаа. Цэргийн алба хаагч, офицер болоход шаардлагатай бэлтгэл, хатуужилд тэнд суралцсан.

Цэргийн сургуулийг сонгох мөч бол өөрөө хатуу бэрхийг даван туулж чадна гэсэн давхар сэтгэл зүйн бэлтгэл байдаг. Нэгэнт энэ замыг сонгосон бол бүх тэвчээрээ гаргаж юуг ч даван туулж, өөрийгөө дайчилж, хатуужиж байж зорилгодоо хүрнэ. Өөрийгөө зоригжуулж, халуунд халах, хүйтэнд хөрөх, бага дарга нарын зандрах, хатуу ширүүн үгийг дааж сурах гээд цэргийн амьдралд дасах хэрэгтэй болдог.

Сургалтын төвд бид хөлөө холгуулахгүй ороож сурахаас эхэлсэн. Гадаа 2 цаг харуулд зогсох тэвчээр, шөнө айдасгүйгээр манаанд гарах гээд л олон зүйлд суралцсан.

Сургалтын төвөө дуусгаад иртэл сургуулийн шинэ байр хараахан ашиглалтад ороогүй учир уурын зуухны дэргэд палатка бариад байрлаж байлаа.

-Сонсогчийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг байв?

-Бидний өглөө 6 цагт босож гүйлт, гимнастик хийхээс эхэлнэ. Босолтоос эхлээд бүх л зүйл командаар өрнөнө. Өглөөний цайгаа уугаад хичээлдээ орно. Үдийн үед сургалт дуусаж, өдрийн хоолоо идээд 30-40 минут амардаг. Тэгээд давтлагын цаг эхэлнэ дээ.

Тэр үед манай рот хуулийн хоёр, командын хоёр ангитай байлаа. Тэр жил манай командын ангид хятад хэл заахаар болсон юм. НАХЯ-аас багш нар ирж зааж байлаа. Бид цэргийн сургалтаас гадна орчуулга хийх, өдөрт 30-40 ханз цээжлэх гээд маш ачаалалтай байсан.

Оройн хоолны дараа чөлөөт цагтай. Газар газраас цугласан хүүхдүүд казармдаа нөхөрлөнө. Барилдана, штанг өргөнө, дуулж хуурдана гээд л чөлөөт цагаа өнгөрөөнө. Манай курст тамирчид их байсан.

-Багш нарынхаа талаар юу хэлэх вэ?

-Багш нар, курсийн захирагч нар гадаадад сургууль төгссөн шилмэл хүмүүс байсан. Биеэр үлгэрлэх чадвар сайтай. Цэргийн дарга хүн ийм дуугаар ингэж командлах ёстой гээд үлгэрлэнэ. Гарамжил гээд мундаг багш байсан. Штабын дарга Дашням бол шударга, шулуухан үгтэй, жагсаалч, бидний үлгэр дуурайлал болсон цэргийн дарга байлаа. Биднийг алсаас халтихан хараад л таньчихна. “Та нарыг үхсэн байсан ч би гавлын чинь ясаар танина” гэдэг байсан. “Яг над шиг хий” гэж үлгэрлэдэг. Бабушкины сургуульдаа монгол хүүхдүүдээ хариуцсан дивизоны захирагч байсан юм билээ. Тэр сургуулийн жишгээр биднийг бэлддэг байсан.

Манай сургууль гарнизоны маршийн аварга байлаа. Дотоодын цэргийн Тусгай хороо гэж хурдан түргэн гүйдгээрээ алдартай газар байсан. Манайх тэдний гол өрсөлдөгч.

Мөн ёслолын жагсаалаар гайхшируулдаг байлаа, бид. Манай рот Ардын хувьсгалын 58, 59, 60 жилийн ойгоор хөл тавьж алхсан. Наадмаар манай сургуулийн жагсаал орж ирэхэд гадаадын төлөөлөгчид босож алга ташдаг байсан. Иргэд алга нижигнүүлнэ.

Бид армийн бүрэлдэхүүний өмнө жагсаалын үзүүлэх сургалт хийдэг байсан зэрэг нь бүгд Ж.Дашням хошуучийн гавьяа. Биднийг парад, маршид бэлтгэхдээ морь уяж байгаа уяач шиг л юм болно. Хүнсний албаны даргыг дуудаад “Хонины махаа гарга. Өөх, тос нь таарсан хоол хий” гээд хоол унданд хүртэл анхаарна. Тийм л мундаг дарга. Бид түүн шиг болохыг хүсдэг байсан. Манай үеийнхнээс ер нь анги байгууллагынхаа туганд алхдаг хүмүүс олон байдаг юм.

Хилчид, цагдаа, чекистүүд ийм байх ёстой гэдгийг ер нь бүх л багш маань үлгэрлэдэг байсан даа. Бид Эрдэнэтолгойд байр зүй, тактикийн хичээл явуулна. Тэгэхэд Доржбал, Шинэжил гээд мундаг багш нар маань амгалангийн айхтар жаварт малгай буулгадаггүй байсан. Малгай буулгахгүй зогсох тэвчээрийг хүртэл биечлэн заана. Бидэн шиг ийм байж л та нар офицер болно гэдгийг үлгэрлэнэ.

Гардан тулааны хичээлийг домогт С.Хаянгарваа багш заана. Тэр үед комендиатынханд “Цэргийн тусгай дундын сонсогч ганцаараа л биш бол барих гэж битгий оролд, Тусгай хорооныхныг 3 алхмаас хойш битгий хөө” гэсэн үг байсан гэдэг юм. Тусгай дундынхан хоёр буюу түүнээс олуулаа явж байвал Хаянгарваа багшийнхаа зааснаар гарыг нь өчөөд явчихдаг байхгүй юу. Тусгай хорооныхон адуу шиг гүйдэг тул гүйцэгдэхгүй.

-Армийн бүрэлдэхүүний өмнө жагсаалын үзүүлэх сургалт хийдэг байсан гэдэг нь ямар учиртай вэ?

-Бид наадмын парадад алхах гээд маш их бэлтгэл хийнэ. Тэр үед Дашням хошууч Батлан хамгаалах яамны болон Жанжин штабын мундаг том генералуудтай зэрэгцээд зогсож байдаг сан. Нэг удаа Улиастайд нэгдсэн парадын бэлтгэл хийсэн юм. Батлан хамгаалахын сайд шалгахаар очоод байсан. Жанжин штабын офицерууд, хүндэт харуулаад гээд парадын бүх бүрэлдэхүүн хамт бэлтгэл хийж байв. Тэгэхэд сайд “Дашням аа, хилчдийг алхуулаадах” гэсэн.

Бид гар хаялт энэ түвшинд, зэрэгцээ, хараа гаргалт, хөл тавилт ийм байна гээд үндсэндээ бүрэлдэхүүний өмнө үзүүлэх сургалт хийж билээ. Тэгэхэд “Одоо хилчид явж амарч болно” гээд бусад нь бэлтгэлээ хийгээд үлдсэн. Бид “Төв сургууль”-аа дуулаад л яваад өгсөн.

-Хилчид гэхээр хилийн ангийнхан нь алхдаг байсан гэсэн үг үү?

-Хил, хууль, засангийнхан гээд бүгд холилдоод л алхдаг. ЦТДС-ийнхан тэр үед бүгд хилийн цэргийн хувцас өмсдөг байсан юм. Төгсөхдөө хуулийнхан цагдаа хувцсаа өмсөнө.

Бид жагсаалын талбай дээр оройн зугаалга хийхдээ рот, ротоороо алхана. Тэр үед нэгнийхээ жагсаалын хөлийн чимээг давахын тулд хичээнэ. Тийм л мундаг багш нар, тэгж их хичээдэг сонсогчид байлаа даа.

-Таны суралцах арга барил юу вэ?

-Би өөрт оногдсон цагаа тултал нь үр бүтээлтэй ашигладаг байсан. Офицер болохын тулд чи заавал жагсаалч байх ёстой. Цэрэгт заахын тулд өөрөө сурч мэдсэн байх ёстой. Хамгийн чухал нь энэ. Манай офицерууд над шиг бай, намайг дуурайгаад хий гэж сургадаг байсан. Өөрөө буудаж чаддаг байж хүнд заана. Тийм болохоор ачааллыг дааж өөрийгөө шахаж сургадаг байсан.

-Сургуульд сурсан эрдэм ажилд дээр гараад танд хэр их хэрэг болсон бэ?

-Заставд уулзалтын цэгийн орлогчоор ажиллаж байлаа. Хятадуудтай хилийн зөрчил ярина, уулзалтууд хийнэ. Уулзалт хийхийн тулд мэдлэгтэй байх ёстой. Дээр нь хүйтэн дайны хүнд бэрх цаг үе тул Хятад төлөөлөгчидтэй илүү ганц үг ярьж болохгүй. Гэтэл уулзалтыг яаж эхлэх, хэрхэн өрнүүлэх, юу ярих гээд бүх зүйлийг Цэргийн тусгай дунд сургуульд заачихсан байсан. Бид хятад хэл сурахаас гадна уулзалтын материалуудыг орчуулдаг байсан юм. Албаны яриа, албан бус яриа гээд бүгдийг нь сурчихсан байсан болохоор ямар ч хүндрэл, бэрхшээлтэй тулгараагүй. Энх цагт хөлс их урсвал дайны цагт цус бага урсана гэдэг дээ. Бид практикт ажиллахад хангалттай бэлтгэгдчихсэн байсан.

Заставын даргаар ажиллаж байх үед Ш.Арвай генерал хилээр нисдэг тэрэгтэй гэнэтийн удирдамжийн шалгалт хийсэн юм. Отрядын төвд цугларалтад хамрагдаад буцаад иртэл заставын орлогч “Эрхэм ахмадад. Дэслэгч генерал Ш.Арвай нисдэг тэрэгтэйгээ ирээд явлаа. Застав шалгалтад онц дүгнэгдсэнийг илтгэе” гэж танилцуулсан.

Шалгалтын дүн гарахад манай застав хилийн цэргийн хэмжээнд тэргүүн байрт шалгарсан байсан. Хамт олон гар нийлээд жигдэрсэн байхад даргатай, даргагүй үйл ажиллагаа хэвийн явдаг юм. Дарга хүн дүрэм журмыг зөв тогтоох ёстой. Бүх зүйл тодорхой байхад хүмүүсийн сэтгэл санаа ч тайван тогтуун байдаг.

Тэр үед буюу 1989 онд хилийн цэргийн хэмжээнд шалгалтад сайн дүгнэгдсэн 10 хүнийг жуулчлалаар Москва, Будапешт, Киев хотуудаар аялуулсан юм. Сайхан хамт олныхоо буянд насны залууд хилийн цэргийн шилдгүүдтэй газар үзэж явлаа даа.

Би хилийн заставд 10 жил, отрядын төвд хилийн албаны туслах, уулзалт, шалганы ахлах офицер, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, Штабын орлогч, хилийн албаны тасгийн дарга зэрэг албан тушаалд 20 жил гээд нийт 33 жил төрийн тусгай албанд зүтгэсэн байдаг юм.

-Таны баримталдаг зарчим юу вэ?

-Хууль дүрмээ баримтлаад үнэнч шударга ажиллах нь хамгийн чухал. Би 30 гаруй жил алба хаахдаа хугацаат цэргийн алба хаагчдыг бүрэн бүтэн гэрт нь хариулах, ахлагч, офицеруудаа албыг нь бүрэн хаалгаж тэтгэвэрт гаргах, үр хүүхдүүдийг нь амьдралын захад хүргэхийн тулд чадах хэмжээндээ зааж зөвлөж ирсэн. Нэг хүнийг ч цааш түлхэж үзээгүй. Наян хэдэн оны цэргүүд маань одоо ч надтай уулздаг. Над шиг адилхан өвгөн болчихсон л байна. Гэхдээ л даргаа айраг ирж уугаарай, хэрэг гарвал хэлээрэй гээд байдаг.

-Ахын хувьд сонсогч дүү нартаа хандаж юу хэлэх вэ?

-Зорилгодоо хүрэхийн тулд тэвчээр, хатуужилтай байж өөрийгөө дайчлаарай. Монголын хилчид Монгол Улсынхаа нүүр царай шүү. Монголд ирээд хилчидтэй л анх уулздаг. Шалган нэвтрүүлэх албаны хилчдээс Монголын талаарх анхны сэтгэгдлийг авдаг. Тийм болохоор иргэдтэй зөв харилцдаг байгаарай. Мөн мөрдөс зүүсэн хүн амьдралын ханиа зөв сонгох хэрэгтэй. Ажлын чинь онцлогийг ойлгох хүнийг сонгоорой.

Сурах цагтаа сурах зүйлээ сураад, ханиа зөв сонгосон байхад амьдрал аандаа болно доо.

Ахлах дэслэгч Д.Дайрийжав

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.212)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram