Монгол Улсын гоц харваач, ахлах дэслэгч Б.Пүрэвсүрэн: Сурын харваагаар хичээллэх нь тэсвэр тэвчээр, өөрийгөө удирдах чадварыг хөгжүүлдэг

Огноо: 2025-06-30
Монгол Улсын гоц харваач, ахлах дэслэгч Б.Пүрэвсүрэн: Сурын харваагаар хичээллэх нь тэсвэр тэвчээр, өөрийгөө удирдах чадварыг хөгжүүлдэг
Монгол Улсын гоц харваач, ахлах дэслэгч Б.Пүрэвсүрэн: Сурын харваагаар хичээллэх нь тэсвэр тэвчээр, өөрийгөө удирдах чадварыг хөгжүүлдэг

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн эрүүл ахуйч эмч-багш, Монгол Улсын гоц харваач, ахлах дэслэгч Б.Пүрэвсүрэнтэй сур харвах хоббиных нь талаар ярилцлаа.

-Хоббиныхоо талаар танилцуулахгүй юу?

-Сурын харваа бол үндэсний спортын ууган төрлүүдийн нэг, үүсэл хөгжлийн арвин түүхтэй соёлын өв. Чулуун зэвсгийн үед ан ав хийх гол хэрэгслүүдийн нэг байсан хавчаахай нум нь он цагийн эрхэнд хэлбэрээ өөрчилж, Монголын анхны төрт улс буюу Хүннү гүрний үеийн гар урчуудын ур ухаан шингэсэн модон голч, эвэр элэг, шөрмөсөн аралтай болж хөгжсөөр өнөө цагийн үндсэн төрхөө олсон гэдэг.

Бусад спортоос ялгарах онцлог нь байгалийн түүхий эд эвэр элэг, шөрмөсөн элэгтэй нумаар халуун, хүйтэн, бороо хуртай үед бид нум сумныхаа хувираа бүхнийг мэдэрч харвадаг.

Үндэсний гэх тодотголтой сурын харвааны нум нь янгирын эвэр бодын шөрмөс зэргийг зүйж нааж сэтгэлээ гарган бүтэн 1 жилийн хугацаанд бүтээгддэг. Сум нь гэхэд хулс модны сайныг шилж сонгон байж 5 ширхэг сумыг бэлтгэн гаргадаг.

-Хэзээнээс сур харваж эхэлсэн бэ. Сур харваагаар хичээллэх болсон түүхээ хуваалцана уу.

-Би 9 дүгээр ангийн сурагч байхдаа Үндэсний спорт дэмжих дугуйланд хичээллэж эхэлсэн. Найзуудтайгаа хамт бүртгүүлээд, анх удаа спорт зааланд орж, нум татах талаар заалгасан. Эхний нэг сар нь үнэхээр хүнд байсан. Нум татахад бэрхшээлтэй байсан ч, байнга оролдсоор байгаад дараагийн сараас сум сүвлэж харвахад суралцаж эхэлсэн. Удалгүй хараалж харвах чадвартай болчихсон.

Бага багаар ахиж, сэтгэл зүйн хувьд урам зориг авч, энэ нь өнөөдрийг хүртэл тасралтгүй хичээллэх суурь болсон гэж боддог. Спорт төдийгүй хувийн ажил, амьдралд ч миний хичээл зүтгэлийн суурь болгосон гэж боддог.

Сурын харваа бол миний хүсэл зориг, тэвчээрээ шалгах нэг том шалгуур.

-Таны хичээллэдэг харвааны онцлог нь юу вэ?

-Үндэсний сурын харваа нь дотроо халх, буриад, урианхай, уламжлалт, мөсөн сурын харваа гэх мэт маш олон төрөлтэй. Эдгээр нь харвах сум, харвалдан наадах бай, зай зэргээрээ өөр өөрийн онцлогтой байдаг.

Миний хичээллэдэг төрөл нь халх сурын харваа бөгөөд энэ нь Үндэсний их сурын харваа гэж тооцогддог. Бусад төрлүүдээс ялгаатай нь халх сурын харваа эрэгтэй 75 метр, эмэгтэй 65 метрийн зайнаас харвадаг.

Хүн харахад гарын бяд, харааны ур шаарддаг спорт мэт санагдаж болох ч, үнэндээ энэ нь сэтгэл зүй, тэсвэр тэвчээр, байгаль цаг уурын нөхцөлд тооцоолол хийх чадварыг бас шаардаж байдаг. Жишээ нь, цаг агаарын өөрчлөлт, салхи, бороо хур гэх мэт зүйлс нь харваачийн гүйцэтгэлд шууд нөлөөлдөг тул эдгээрийг ч тооцох шаардлагатай байдаг.

Энэ нь зөвхөн биеийн бэлтгэл, хичээл зүтгэл төдийгүй, сэтгэлзүйн тэсвэр, тийм чухал мөчүүдэд төвлөрөх чадвар, сэтгэл санаагаа тогтворжуулах чадвар мөн шаарддаг спорт юм.

-Сур харваагаар хичээллэхийн давуу тал, ач холбогдол нь юу вэ?

-Тамирчид тэмцээнд оролцохдоо тархиндаа шатар нүүж, өөртэйгөө өрсөлдөж байгаа мэт мэдрэмж авдаг. Энэ нь хүч чадал дээр тулгуурлаад зогсохгүй, ухаан, сэтгэл зүй, төвлөрөл гээд олон хүчин зүйлсийг нэг дор харуулдаг спорт.

Харваачид тэмцээнд оролцохдоо бүхий л анхаарлаа төвлөрүүлж, зорилгодоо хүрэхийн тулд ур ухаанаа бүрэн дайчилж, оюун ухаан, сэтгэл санаагаа удирдаж байж үр дүнд хүрдэг.

Үндэсний сурын харваа нь жилээс жилд өргөжин хөгжиж байгаа спортын төрөл юм. Нэг тэмцээнд л гэхэд 700-1000 гаруй харваач оролцож байна. Энэ нь спортын орчин, харваачдын өрсөлдөөн улам идэвхжиж, олон хүн энэ спортыг сонирхож, хичээллэж байгаа гэсэн үг.

Тэмцээнүүдэд оролцохдоо бид нартай, бороотой, цастай зэрэг бүхий л цаг агаарын нөхцөлд харвах шаардлага гардаг. Энэ нь, тэсвэр тэвчээрийг илүү хөгжүүлж, харваачдыг цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай болгодог.

Сурын харваагаар хичээллэх нь тэсвэр тэвчээр, хүмүүжил, төлөвшил, өөрөө өөрийгөө удирдах чадварыг хөгжүүлдэг. Харваачид зөвхөн сум харвахаас гадна өөрийн сэтгэл зүйг удирдаж, ямар ч нөхцөлд төвлөрч, зорилгоо биелүүлэхийн төлөө тууштай байж суралцдаг.

Энэ нь амьдралын олон салбарт, жишээ нь бэрхшээлтэй нөхцөлд шийдвэр гаргах, стресстэй нөхцөлд тайван байж, ямар ч сорилтод бэлтгэж, тэвчээртэй хандах чадваруудыг хөгжүүлж өгдөг.

Үүнээс гадна, энэ спорт нь хүмүүсийн хоорондох харилцааг бэхжүүлдэг. Тиймээс хамтран ажиллах, бие биедээ урам зориг өгөх, дэмжих зэрэг хүмүүжилд чухал нөлөө үзүүлдэг.

Өөрөөр хэлбэл, сурын харваа нь зөвхөн физик хөгжил төдийгүй, сэтгэл зүйн болон нийгмийн тал дээр ч ач холбогдолтой спорт юм.

-Энэ спортоор хичээллээд ямар амжилт үзүүлсэн бэ?

-Түрүү жил буюу 2024 онд Үндэсний их баяр наадмаар 40 сумнаас 36 онож, Монгол Улсын гоц харваач цол хүртсэн. Энэ амжилт бол миний хувьд маш том бахархал, үнэхээр сайхан мөч байлаа.

Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ойн босгон дээр, Монгол төрийн наадмын дэвжээн дээр Хэнтий аймгийн Батноров сумын уугуул, Дотоод хэргийн их сургуулийн Соёмбо багийн тамирчин гэж дуудуулах нь үнэхээр бахдам байсан. Эргээд бодоход өчигдөрхөн мэт санагдаж байна.

-Их ажлын хажуугаар хэрхэн цаг зав гаргаж бэлтгэл сургуулилтаа хийдэг вэ?

-Дотоод хэргийн их сургууль маань Үндэсний сурын “Соёмбо баг”-тай. Энэ баг 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй.

Их сургуулийн удирдлагууд, хамт олны дэмжлэгээр бидэнд бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөл талбайг бүрдүүлж өгсөн. Бусад харваачдад манай сургууль дотроо харвааны талбайтай гэж бахдаж ярих дуртай.

Орой ажлаа тараад түгжрэл дунд цаг заваа үрэлгүйгээр харвааны талбай дээрээ бэлтгэл сургуулилтаа хийчихдэг. Хүсэл зорилго байвал ямар ч бэрхшээлийг даваад гардаг гэдэг шиг оройтсон ч хамаагүй нэг өдөр алгасахгүй бэлтгэл сургуулилтаа хийхийг зорьдог доо.

-Дотоод хэргийн их сургуультай ажил, амьдралаа холбосон түүхээсээ хуваалцана уу?

-Би 2021 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг нийгмийн эрүүл мэнд судлаач, эрүүл ахуйчаар төгссөн. Тухайн үед багш маань Дотоод хэргийн их сургуульд эрүүл ахуйч ажилд авах тухай хэлсэн.

Манай ангиас олон хүүхэд сонирхож байсан. Ажлын ярилцлага, ерөнхий мэдлэгийн шалгалт дээр ангийнхаа сайн найзтай өрсөлдөж, шалгарсан.

ДХИС-д ажиллах болсон нь миний амьдралд томоохон боломж, шинэ гарц болсон гэж боддог.

-Сурын харваагаар хичээллэхийг хүсэж, сонирхож байгаа залууст хандаж юу хэлэх вэ?

-Сур харваагаар хэдэн ч настай хүн хичээллэж болдог. Насны хязгааргүй. Гурван настай хүүхдээс 80 настай буурай хүртэл харваад зогсож байдаг. Энэ нь бүхий л насны хүмүүст нээлттэй гэсэн үг.

Залуустаа хандаж хэлэхэд, гагцхүү үндэсний сур харваа гэлтгүй, спортоор хичээллэх нь таны амьдралд олон сайн үр дүн авчирна. Спорт нь найз нөхөрлөл, багийн ажиллагаа, ялж ялагдах, эв нэгдэл, хүндлэл, тэсвэр хатуужил, дайчин чанар гэх мэт зүйлсийг заадаг. Эдгээр нь эргээд л таны, миний, бидний нийгмийн харилцаа, боловсрол, ажил мэргэжилд эерэг нөлөө үзүүлдэг.

Спорт нь зөвхөн биеийн хөгжил төдийгүй, сэтгэл зүйн болон нийгмийн боловсролыг хөгжүүлэх чухал хэрэгсэл юм. Тиймээс, спортоор хичээллээрэй гэж хэлье.

-Танд сур харвахаас өөр хобби бий юү?

-Тэмдэглэлийн дэвтэр цуглуулах, тэмдэглэл хөтлөх дуртай. Одоогоор хөтөлж дууссан 10 гаруй тэмдэглэлийн дэвтэр бий.

-Ярилцсанд баярлалаа.

Ахлах дэслэгч Д.Дайрийжав

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.212)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram