ЭЦГИЙН МӨРӨӨР ЭХЭЛСЭН АМЬДРАЛ

Огноо: 2025-11-06
ЭЦГИЙН МӨРӨӨР ЭХЭЛСЭН АМЬДРАЛ
ЭЦГИЙН МӨРӨӨР ЭХЭЛСЭН АМЬДРАЛ

-Хилчний амьдрал дуусдаггүй, зөвхөн үе л солигддог. Хилчний зүрх үеэс үед цохилсоор байдаг ажээ-

✅ Хилчин удмын эхлэл

Монгол Улсын хилийн зурвас бол эх орон минь хаанаас эхэлж, элгэн түмний минь эрх чөлөө хаа хүртэл үргэлжилж буйг илтгэх ариун шугам. Энэ шугамыг манана гэдэг эх орныхоо зүрхийг хамгаалж буй ариун үүрэг, эх оронч сэтгэлийн эрхэм дээд илэрхийлэл билээ.

Ийм л чухал албанд гурван үеэрээ зүтгэж, хил хамгааллын түүхэнд бахархлын хуудас нэмж буй Хайдав гуайн гэр бүлийг “Эрдмийн далай” онцолж байна.

Хайдав гуай 1939, 1945 оны дайнд оролцож, Монгол Улсын баруун хязгаарт хилийн шугам бүрэн тогтоогүй он жилүүдэд хил хамгааллын хариуцлагатай үүргийг гүйцэтгэж, эх орныхоо төлөө нэр төртэй зүтгэж явсан хилчин юм.

Тэр үед хил орчимд үүсэж байсан маргаантай асуудлуудыг шийдвэрлэх, хилийн заагийг тодорхойлох хариуцлагатай уулзалт, хэлэлцээрүүдэд оролцож явсан түүхтэй.

Дайны дараа Хайдав гуай Хужирбулан, Улаанхуаранд цэргийн алба хааж, улмаар Баян-Өлгийн Цагаан нуурт томилогдон торгон хил дээр үүргээ нэр төртэй биелүүлсэн байдаг.

Хайдав гуайг залгамжлан гурван хүү нь хилчин мэргэжлийг сонгож, ОХУ-д Бабушкины хилийн цэргийн дээд сургууль, НАХЯ-ны тусгай дунд сургуулийг төгсөж, ухамсарт амьдралаа улсынхаа хилийг хамгаалахад зориулж, дэд хурандаа цолтойгоор цэргийн гавьяаны амралтдаа гарсан нь энэ гэр бүлийн бас нэгэн бахархал юм.

✅ Эцгийн мөрөөр эхэлсэн амьдрал

Дэд хурандаа Хайдавын Түвшинсайхан нь 1960 онд Ховд аймгийн Жаргалант хотод төржээ. Тэрбээр нутагтаа бүрэн дунд боловсрол эзэмшээд 1978 онд НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургуульд элсэн орсон нь амьдралынхаа замыг тодорхойлсон чухал мөч байлаа. Сургуулиа 1981 онд команд-хятад хэлний мэргэжлээр төгсөж, Баян-Өлгий аймаг дахь хилийн 1 дүгээр комендатурын Ганц модны заставд Улс төрийн орлогчоор томилогдон ажлын гараагаа эхэлжээ. Тэр цагаас эхлэн түүний амьдрал “Монгол Улсын хил” гэх үгтэй салшгүй холбогдсон билээ.

Тэрээр Даян, Их жаргалантын заставуудад заставын орлогч, заставын дарга, хилийн 1 дүгээр отрядад хилийн албаны туслах, штабын уулзалт, шалган нэвтрүүлэх албаны ахлах офицер, Шалган нэвтрүүлэх, Хил хяналтын тасгийн дарга, штабын орлогч, Хил хамгаалалтын тасгийн дарга зэрэг албан тушаалд 30 гаруй жил ажиллаж, хилийн аюулгүй байдлыг хангах, хил зөрчлийг таслан зогсоох үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн байдаг.

Түүний Монгол Улсын хилийн аюулгүй байдлыг хангах, хил хамгаалалтыг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж “Цэргийн хүндэт медаль”, “Цэргийн гавьяаны одон”, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Монгол Улсын Хүндэт хилчин”, “Онц хилчин”, ХХЕГ-ын “Хүндэт жуух” бичиг зэрэг төрийн болон салбарын олон шагналаар шагнажээ. Мөн тэрбээр Хил хамгаалах байгууллагын аваргаар нэг удаа, отрядынхоо аваргаар 2 удаа тодорч байсан бахархам намтартай.

Түүнчлэн 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баярын Төрийн ёслол хүндэтгэлийн ажиллагаанд оролцож Чингис хааны гэрэгээр шагнуулж байжээ.

Түвшинсайхан дэд хурандаагийн гэргийг Х.Оюунбилэг гэдэг. Тэрбээр Украйнд Хими, механикийн сургууль төгсөж ирээд нутагтаа Хүнсний комбинатад лаборант, инженерээр ажиллаж байжээ. Хилийн чанадад эзэмшсэн өндөр боловсрол, мэргэжлээ орхиод хилчний гэргий, хилийн заставын хар нүдэн бүсгүй болсон намтартай.

Энэ гэр бүлийн дөрвөн хүүхдээс гурав нь мөрдөс зүүсэн төрийн тусгай алба хаагч болжээ. Энэ бол хилчний үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ эх орноо хайрлах, эх орондоо зүтгэхийн бахархал, үнэ цэнийг үр, удамдаа ойлгуулсан Түвшинсайхан, Оюунбилэг нарын хамгийн том гавьяа, бахархал юм.

✅ Эрдэм, хил, хэл гурвыг хослуулсан залуу үеийнхэн

Том хүү Түвшинсайханы Баярхүү нь Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж буй төрийн өндөр хариуцлагатай албан хаагч. Азарганы хүрээгүйд унага нь хүрдэг, аавынхаа хүслийг хүү нь гүйцээдэг жамаар хурандаа цол хүртэж аавыгаа баярлуулжээ.

Тэрээр “Аав минь их шударга хүн. Өөрийнхөө карьерыг орхиж, насаараа зах хязгаарт ажиллаж амьдарсан. Бидний эрдэм боловсрол, амжилтын үндэс тэнд л бий” хэмээн ааваараа бахархан ярина лээ.

Дунд хүү, хошууч Түвшинсайханы Баяр-Эрдэнэ нь Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн Инженер техникийн тэнхимийн профессороор ажилладаг. Тэрээр аавынхаа хилчний замналыг инженерийн ухаантай хослуулан үргэлжлүүлж буй Монгол Улсын хилчдийг бэлтгэх багш, инженер, эрдэмтэн, офицер юм.

Хошууч Т.Баяр-Эрдэнэ ОХУ-ын Калининград хотын Хилийн албаны сургуулийг 2013 онд “Радиотехникийн инженер-Хил хамгаалалтын техник хэрэгслийн ашиглалтын инженер” хос мэргэжлээр төгсжээ. Мөн ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академид 2016 онд “Дээд сургуулийн багш” мэргэжлээр суралцсан байна. Хууль сахиулахын их сургуульд 2017 онд магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрээр хилийн инженерийн бодлого, хилийн хамгаалалтад дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх ажлыг удирдан хэрэгжүүлж, Хилийн инженерчлэлийн шинэ мэргэжлийг боловсруулан сургалтын хөтөлбөрт нэвтрүүлсэн нь Монголын хил хамгаалалтын салбарын хөгжилд томоохон хувь нэмэр болжээ.

Тухайлбал, 2017-2018 оны хичээлийн жилд ХХБ-ын инженерийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор “Цэргийн инженер” бакалаврын мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, Боловсролын урьдчилсан магадлан итгэмжлүүлэх үндэсний зөвлөлөөр магадлуулж, 2022 онд “Хил хамгаалалтын зэвсэг техникийн инженерчлэл” бакалаврын мэргэжлийн индекс батлуулж, 2025 онд “Хилийн инженерийн байгууламж, техник хэрэгслийн ашиглалт” болгон шинэчлэх ажлыг зохион байгуулжээ. Улмаар 2023-2024, 2025-2026 оны хичээлийн жилээс элсэлтээ авч сургалтаа эхэлсэн байна.

Тэрбээр улсын болон олон улсын хэмжээний хуралд 10 гаруй илтгэл хэлэлцүүлсний зэрэгцээ 2020 онд сургалтын хөтөлбөрт нийцсэн “Улсын хил хамгаалалтын инженер техникийн хангалтын арга хэмжээний үндэс” сэдэвт гарын авлага боловсруулан нийтийн хүртээл болгосон юм.

Сургалт, судалгааны ажил хийхээс гадна хилийн хэсэгт торон саад байгуулах инженерийн ажлын бүлгийн орлогч, салааны захирагчаар томилогдон ажиллаж, хилийн хэсэгт хийгдэх инженерийн ажлыг төлөвлөн зохион байгуулжээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хилийн инженерийн байгууламжийг нэмэгдүүлэх, хил хамгаалалтад дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх бодлого, төлөвлөлтийг боловсруулсан зэрэг орчин цагийн хил хамгаалалтыг бэхжүүлэх үйлсэд олон чухал ажлыг хийж хэрэгжүүлсэн байдаг.

Хошууч Т.Баяр-Эрдэнэ нь волейболын спортын мастер цолтой, Их сургуулийн волейболын шигшээ багт тоглож ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медаль, 4 удаагийн “Шилдэг довтлогч”, Монголын их, дээд сургуулиудын консорциумын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль тус тус хүртэж байсан амжилттай.

Энэ гэр бүлийн дараагийн “цэрэг”, эцгийн нэрийг үргэлжлүүлж яваа хилчин-багш бол ахлах дэслэгч Баярзаяа.

Тэрээр Хилийн цэргийн 0285 дугаар ангид ариун цэврийн зааварлагч, зочид буудлын эрхлэгчээр ажлын гараагаа эхлүүлж, хилийн цэргийн 0165 дугаар анги буюу аав, ээжийнхээ ажиллаж байсан төрөлх ангид орчуулагч-шалгагч, хилийн албаны ажилтан, орчуулагч зэрэг албан тушаалд ажиллажээ.

Түүний өвөө Хайдав гуай хилийн заагийг тодорхойлох хариуцлагатай уулзалт, хэлэлцээрүүдэд оролцож явсан түүхтэй бол аав Түвшинсайхан нь хилийн уулзалтуудад хятад хэлний орчуулагчаар ажиллаж байсан намтартай. Харин Т.Баярзаяа ахлах дэслэгч хилийн төлөөлөгч, хилийн төлөөлөгчийн туслахын уулзалтын орчуулгыг мэргэжлийн түвшинд орчуулж Монгол Улсын Засгийн Газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хилийн асуудлаар байгуулсан гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд санаачилгатай ажилласан байдаг.

Тэрбээр одоо Дотоод хэргийн их сургуульд хятад хэлний багшаар ажиллаж байна. Багаасаа хилчний албанд хайртай өссөн тэрээр “Хил бол зөвхөн газар нутгийн төгсгөл биш, харин хэл, соёл, ойлголцлын гүүр юм” хэмээн итгэдэг.

Т.Баярзаяа багшийн хувьд хилчдийн шинэ үеийг хэлний мэдлэг, гадаад харилцааны ур чадвартай болгон төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Энэ гэр бүлд хил гэдэг үг бол зөвхөн газар нутгийн зааг бус эцгийн нэр төр, өвөг дээдсийн ариун тангараг, эрхэм дээд бахархал нь юм.

Эцэг нь хил дээр сүлдэт багана босголцож байсан бол хүү нь шилжилтийн нийгмийн хүнд цаг үед хилээ бүрэн бүтэн авч үлдэх хариуцлагатай үүргийг хэрэгжүүлжээ. Харин өнөөдөр ач нар нь шинжлэх ухаанд суурилсан хил хамгаалалтыг бэхжүүлэх, хилчдийг бэлтгэх эрхэм үйлсийн түүчээ нь болж байна. Аавынхаа мөрөөдөл, хөлс шингэсэн замаар хүүхдүүд нь эрдэм мэдлэг, хичээл зүтгэлээ тээгээд алхаж, нэгэн гэр бүл гурван өөр цаг үед эх орныхоо хил дээр зам мөрөө үлдээж байна.

Хайдав гуайгаас эхтэй энэ гэр бүлийн түүх бол эх орноо хамгаалах ариун үүрэг, шударга зүтгэлийн бодит жишээ юм. “Төрдөө шударга ажиллаарай” гэсэн өвөг эцгийн захиас үг өнөөдөр ч цуурайтсаар байна.

Хилчний амьдрал дуусдаггүй, зөвхөн үе л солигддог. Хилчний зүрх үеэс үед цохилсоор байдаг ажээ.

Ахлах дэслэгч Д.Дайрийжав

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.212)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram