Хилийн цэргийн түүхэн дэх анхны гавьяат багш, хил хамгаалах урлаг, түүний дотор хилийн цэргийн оператив урлагийг Монгол Улсын онцлогт нийцүүлэн хөгжүүлсэн оператив-стратегич, Монгол Улсын шинэ “Хилийн тухай хууль”-ийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүн, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны хилийн академийн анхны монгол төгсөгч, “Погранология” буюу хил судлалын шинжлэх ухааныг Монголд үндэслэгчдийн нэг, Хилийн цэргийн дээд сургуулийн анхны захирал гээд л хилчдийн хайртай Нараа хурандаагийн хилийн түүхэнд мөнхрөн үлдэх гавьяа зүтгэл, суу алдар нь дэндүү тод.
“Эрдмийн далай” сонин энэ дугаартаа Монгол Улсын Гавьяат Багш, Олон улсын мэдээлэлжүүлэлтийн академийн жинхэнэ гишүүн, Чингэс хааны олон улсын академийн академич, цэргийн ухааны доктор, профессор, ДХИС-ийн хүндэт профессор, хурандаа Хилчин овогт Норовын Наранжамцыг онцолж байна.
АРИФМЕТИК ХУВЬ ТОХИОЛ БУЮУ ХИЛЧИН БОЛСОН ТҮҮХ
Бүгд Найрамдах Монгол Ард Улс – Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын хилийг тогтоосон тэртээх 1962 онд Төв аймгийн Баянбараат одоогийн Баян-Өнжүүл сумд ахмад дайчин Ц.Норовынх гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан нь Наранжамц байлаа. Тэр цагаас хойш 13 жилийн дараа буюу 1975 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус хилийн гэрээг Нэгдсэн Үндэстний Байгууллага батламжилсан нь Нарамжамцын төрсөн сар, өдөртэй нь давхацсан байна. “Арифметик хувь тохиолоор ч тэр, би ерөөс хилчин болох л тавилантай” хэмээн Нараа хурандаа инээмсэглэв. Монголын хилийн халдашгүй дархан байдалтай түүний төрсөн хувь тохиол ямар нэг байдлаар холбоотой гэж үзсэн учраас “Хилчин” хэмээх овгийг сонгон овоглож, 40 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ хилд зориулжээ.
Н.Наранжамц хурандаагийн аав Ц.Норов гуай 1939, 1945 оны дайнуудад оролцож явсан ахмад дайчин юм. Дайн байлдаан намжиж тайван цаг эхэлсэн 1950-аад оны сүүлээр цэргээс халагдаж, Төв аймгийн Баянбараат сумд нэгдлийн хоршооны даргаар ажиллах үедээ түүний ээжтэй танилцаж, 5 хүүхдийн эцэг, эх болжээ. Тэр аавынхаа 45, ээжийнхээ 37 настайд төрсөн байна.
Монгол Улсад мал нийгэмчлэх цаг үед “Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож төв суурин бараадъя” хэмээн аав, ээж нь хэдэн малаа нэгдэлд өгчихөөд өлгийтэй Наранжамцыг тэврээд их хот руу буурь сэлгэж байжээ.
Н.Наранжамц Хо Ши Миний нэрэмжит нийслэлийн 14 дүгээр сургуулийг 1980 онд онц дүнтэй төгссөн байна. Тухайн үед төгсөх ангийн сурагчдад халаасны оноо өгдөг байжээ. Тэр нь их сургуулийн элсэлтийн шалгалтын оноон дээр нэмэгддэг байв. Наранжамцын оноо халаас дүүргэсэн өндөр байсан учир түүнд хүссэн сургуульдаа орох үүд хаалга нээлттэй байлаа. Тэр Политехникийн дээд сургууль буюу одоогийн ШУТИС-д хоёр ч хичээлээр конкурс өгөөд хангалттай оноо авчихаад байв. Мөн ЗХУ-д хөдөө аж ахуйн чиглэлээр суралцах боломж ч байлаа. Яг энэ үед НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургуульд суралцах санал иржээ. Тус сургууль нь аравдугаар анги төгсөж байгаа сурагчдыг нууцаар судлан урилга илгээдэг байсан аж. Дээд сургуульд, бүр ЗХУ-д суралцах дүүрэн боломж өмнө нь байтал тэр хаана байрладгийг нь ч үл мэдэх Цэргийн тусгай дунд сургуулийг сонгосон байна.
Түүнийг оюутан болсон тэр үе бол капиталист, социалист хоёр системийн хооронд зөрчилдөөн, цэрэг-улс төрийн хурцадмал байдал дээд цэгтээ хүрчихсэн, зэвсэглэлээр хөөцөлдөх явдал хурцадчихсан, цөмийн дайн ч гарч болзошгүй нөхцөл байдал дэлхий ертөнцөд бий болчихсон хүнд бэрх цаг үе байлаа. Эцэг, эхчүүд хязгаарын цэрэгт хүүхдээ явуулахыг дайн байлдаанд үдэж буй мэтээр хүлээн авч цочирддог тийм л хэцүү цаг үед “Би хилчин болно” хэмээн шийдсэн нь ахмад дайчин ааваас нь түүнд өвлөгдсөн эх оронч үзлийн илрэл байжээ.
“Бидний сонсогч амьдрал бидний үеийн хүүхдүүдэд хатуудаж байсан. Гурван жил хэдий богино хугацаа ч суралцахад бол урт байсан шүү” хэмээн Нараа хурандаа өгүүлэв. Тухайн үед сургалт маш хатуу чанд, нарийн дэг журам, цагийн хуваарийн дагуу өндөр шаардлагаар явагддаг, товчхондоо ЗХУ-д төгсөж ирсэн багш нар тэднийг дайнд, хилийн албанд хэрэгтэй болгонд түргэвчилсэн байдлаар сургадаг байжээ. Тус сургуулийн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж гарна гэдэг тухайн үеийн сонсогчдоос хатуу чанд дэг журам, тэсвэр хатуужлыг ихээхэн шаардаж байсан аж.
“Наранжамц маш спортлог, бас авьяаслаг сонсогч байсан. Бүх л төрлийн спортын уралдаан тэмцээний багийн бүрэлдэхүүнд Наранжамц баттай багтдаг сан. Бас гитар сайхан тоглож, маш эвлэгхэн дуулна. Урлагийн үзлэгээр бүжиглэж байсныг нь санаж байна. Түүнээс гадна сурлага сайтай. Өдөр шөнөгүй, өглөө оройгүй ном шагайгаад суухгүй хэрнээ онц сураад л байдаг сан. Шалгалтад сандрахгүй. Орлоо л гэдэг, онц авлаа л гэдэг. Сургуулиа онц төгссөн. Юманд их туйлбартай, үзэл бодолдоо үнэнч хүн. Эмх цэгцтэй. Хувцсаа маш гоё өмсөнө. Захны даавуу нь хэзээд хиргүй, гутал нь тоосгүй байдаг сан. Бид түүнээс үлгэрлэж тийм түвшинд хувцсаа өмсөхийг хичээнэ. Ер нь тийм бусдаас ялгарсан хүүхэд байлаа” хэмээн түүний онжав, 44 жил нөхөрлөж буй журмын нөхөр хурандаа У.Бат-Эрдэнэ ярьсан юм.
АНХНЫ ТОМИЛОЛТ
Наранжамцын анхны томилолт НАХЯ-ны Хилийн ба Дотоодын цэргийн харьяа Дорноговь аймаг дахь Хилийн цэргийн 0129 дүгээр анги буюу Улаан-Уулын отрядын Харагчингийн застав байв. Тэр Харагчингийн заставын орлогчоор ажиллаад жилийн дараа буюу 1984 онд Арбулагийн заставын даргаар дэвшиж, 1986 онд Замын-Үүдийн заставын даргаар шилжин томилогдсон байна.
Тухайн үед хилийн оператив стратегийн гол чиглэл дэх Замын-Үүдийн застав нь хүн ам нягтаршсан суурин газар тул хилийн зөрчил маш их гардаг, хил хамгаалалтын инженерийн байгууламж төвлөрсөн, Монголын нэг номерын застав байжээ. Энэ чухал заставын даргаар Наранжамцыг томилсон нь заставын ажлыг болоод хил хамгаалалтыг сайжруулах, цэргийн албаны бэлэн байдал, зохион байгуулалтыг чанаржуулах өндөр их итгэл найдвар хүлээлгэсэн явдал байв. Наранжамц ч отрядын удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, хилийн цэргийн командлалаас хүлээлгэсэн итгэлийг амжилттай биелүүлж, Замын-Үүдийн заставыг цэгцэнд нь оруулж, 1989 онд отрядын штабын даргын нэгдүгээр орлогчоор дэвшин томилогдсон байна.
Энэ үед Хилийн цэргийн удирдах газраас Наранжамцыг ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуульд Хилийн албаны дээд курст суралцуулахаар шийдвэрлэжээ. Тэр алтан Москвад жил гаруй суралцаж хилийн албаны мэргэжил эзэмшиж ирээд Улаан-Уулын отряддаа штабын даргын нэгдүгээр орлогч, хилийн албаны тасгийн даргын үүрэгт ажлыг хийж байтал нь 1992 онд Хилийн цэргийн удирдах газрын Хилийн хэлтэст Монгол-Хятадын хил хариуцсан ахлах офицероор дэвшүүлэн томилсон байна.
“Би Улаан-Уулын отрядад 20-30 нас хүртлээ буюу аранзал залуу насаа өнгөрүүлсэн. Тэр үед Хилийн цэргийн удирдах газрын штабт шалгарч ажилласан явдал бол НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль биднийг хилийн албанд хэрэгтэй эрдэм ухаан, мэдлэг, чадварт хангалттай сургасанд байсан юм. Энэ сургуулийн хаалгаар орж ирэх бүрт залуу нас, сонсогч амьдрал минь нүдний өмнүүр жирэлзээд өнгөрдөг. Энэ сургууль, энэ орчин бол миний зүрх сэтгэлдээ үргэлж нандигнаж явдаг орон зай” хэмээн Наранжамц хурандаа өгүүлэв.
ХИЛИЙН ОПЕРАТИВ УРЛАГИЙГ ҮНДЭСЛЭГЧ
Хилийн цэргийн штабын уураг тархи нь болсон Хилийн хэлтэст томилогдсон 1990-ээд оны эхэн бол нийгэм өөрчлөгдөж, хатуу бодлого зөөлрөх шаардлага үүссэн шилжилтийн үе байлаа. Түүний баг хамт олонд уламжлалыг үргэлжлүүлж, шинэ нөхцөлд хэлтсээ хөл дээр нь босгож, авч явах том үүрэг оногдоод байв. Тэр үед Наранжамц ердөө 30-аадхан настай байлаа.
Улсын хил хамгаалалтыг сайжруулах, хөгжүүлэх чиглэлээр бодит үр дүнгээ өгсөн хууль, бодлогын олон баримт бичиг, төсөл хөтөлбөрийг боловсруулж, зохион байгуулахад Наранжамц жанжин шугаманд ажилласан гавьяатай. Тухайлбал, 1993 онд ахлах офицер байхдаа шинэ “Хилийн тухай хууль”-ийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, хилийн асуудлыг хуульчилж, тунхаглаж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, тус хуулиар хилийн цэрэг ямар бүтэц, зохион байгуулалттай байх, хилийн отряд, заставууд ямар үүрэгтэй, хил зөрчигч гэж хэнийг хэлэх, ямар тохиолдолд зэвсэг хэрэглэх, хилчдийн эрх зүйн байдал зэрэг маш олон асуудлыг шийджээ.
Зах зээлийн нийгэмд шилжих үед төрийн мэргэшсэн олон алба хаагч арилжаа наймаа, бизнесийн салбарт орж, төр эзэнгүйдэхдээ тулсан гашуун түүх хилийг ч тойроогүй юм. Олон чадварлаг хилчид шилээ даран албаа орхиж, хил эзэнгүйдэхэд хүрсэн хэцүү бэрх цаг үед Наранжамц нар “Хилийн тухай хууль”-ийг боловсруулан батлуулж, хилээ, хилчдээ бүтэн авч үлдсэн гавьяатай.
Тус хуульд хилчдийн эрх зүй, нийгмийн баталгааны олон асуудлыг шийдвэрлэсэн зүйл, заалтуудыг бусад хүчний, цэргийн байгууллагуудаас түрүүлж оруулж өгсөн байдаг. Тухайлбал, 5 жил тутамд буцалтгүй тусламж, чөлөөнд гарахад тэтгэмж олгоно зэрэг санхүү, эдийн засгийн олон хөшүүргийг шингээсэн нь хилчид тогтвор суурьшилтай ажиллах үндэс болжээ. Өргөн утгаараа Монгол Улсын хил хамгаалах байгууллагын ирээдүй амжилттай явах суурийг тэд тавьж өгсөн юм.
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны хилийн академид анхлан 1995 онд ирээдүйн хилийн цэргийг авч явах хүмүүсийг илгээсний нэг нь Н.Наранжамц байлаа. Түүнтэй мөр зэрэгцэн бригадын генерал Х.Лхагвасүрэн, доктор, хурандаа Д.Дашдаваа, Д.Баатар нарын алба хаагчид ЗХУ-ыг зорьж байв. Тэднийг оператив-тактик команд штабын мэргэжил эзэмшээд төгсөөд ирэх үед отрядын даргаар явуулахаар төлөвлөж байснаа буцаж, дөрвүүлэнг нь Хилийн цэргийн удирдах газрын штабт томилсон байдаг. Н.Наранжамцыг ХХЕГ-ын штабын нэгдүгээр орлогч, Хилийн хэлтсийн даргаар томилжээ.
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирсэн Наранжамц сурсан эрдмээ хилчдэдээ гайхуулж, Хилийн цэргийн түүхэнд анх удаа хил хамгаалах урлагийн онол, судалгаа, жишиг жаягт үндэслэсэн сонгодог операциудыг төлөвлөн зохион байгуулж, түүхэнд нэрээ тамгалсан юм. Түүний зохион байгуулсан малын хулгайтай тэмцэх “Хавар-99”, “Намар-99” операциуд нь маш үр дүнтэй болж, эдүгээ ч яригдсаар байдаг билээ.
Түүнчлэн хилийн цэргийн оперативын урлагийн хүрээнд хил хамгаалалт болон байлдааны бэлэн байдлын удирдамжуудыг бүгдийг нь шинэчилж байжээ.
Тэрээр 1998 онд оператив урлагийн тухай “Хилийн операци” номыг бичсэн байна. Тус номдоо “Погранология” буюу хил судлалын шинжлэх ухааны тухай тодорхой бичиж, хил судлал, хилийн аюулгүй байдал зэрэг нэр томьёог анхлан хилийн цэрэгт нэвтрүүлсэн Монголын хил судлалын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг юм билээ. Түүнчлэн “Хил хамгаалалтын онол-практикийн үндсэн асуудлууд”, “Мэдээлэл, дүн шинжилгээ, онол арга зүй”, “Бүс нутаг-Хил хамгаалалтын үзэл баримтлал”, “Хилийн заставын хил хамгаалалт-тактик” зэрэг бие даасан бүтээлүүд, хамтарсан болон редакторласан 10 гаруй ном сурах бичгийг туурвисан байна.
Хил хамгаалалтыг ялгавартай зохион байгуулах тухай анхны төслийг 1990-ээд оны сүүлээр Н.Наранжамц хурандаа боловсруулжээ. Түүний баг хамт олон “Хил хамгаалалт-2000” хэмээх томоохон хөтөлбөрийг боловсруулсан байна. Энэ нь Монгол Улсын хилийн цэргийн байгуулалтыг төгөлдөржүүлэх, хил хамгаалалтын оперативын нягтралтыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бэлэн байдал, маневарлах чадварыг дээшлүүлэх зорилготой томоохон хөтөлбөр байсан аж.
Тухайлбал, Увс аймгийн Баруунтурууны отряд, Дорнодын Мэнэнгийн отряд, Улаанбаатар хотод Хилийн цэргийн командлагчийн бэлтгэл хүч зэрэг томоохон батальонуудыг байгуулж байв. Улс орны данс улайсан, мөнгө санхүү тун бэрх 1990-ээд оны сүүл үед шүү дээ. Хилийн зөрчил гарч болзошгүй отрядууд, хилийн хэсгийг хэд хэдэн отрядуудаар хамгаалуулах тэдний хөтөлбөр хилийн зөрчлийг таслан зогсооход өндөр үр дүнг үзүүлсэн байна. Өдгөө Увс аймгийг 2 отряд, Дорнод аймгийг 5 отряд хамгаалж байгаа нь тус томоохон хөтөлбөрийн үр дүн юм.
Тухайн үед хилийн цэргийн хүний нөөцийг Батлан хамгаалахын их сургуульд бэлтгэж байв. Хилийн цэргийн боловсон хүчний хүний нөөц бэлтгэдэг чанар, төгсөгчдийн тоо, хүртээмж нь хилийн албаны хэрэгцээ шаардлагаас илт хоцрогдох болсныг Н.Наранжамц удаа дараа шүүмжилж, “Сургуулиа бие даалгаж, өөрийн боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй байна. Хүний тогоонд дутуу чаначихсан боорцог шиг хаяж ч, зажилж ч болохгүй болчихоод байна” хэмээн удирдлагууддаа шаардлага тавих болжээ.
Ингээд 2000 онд Засгийн Газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулсан байна. Тус хөтөлбөр нь хилийн цэргийг БХЯ-ны харьяаллаас гаргах, хилчид бэлтгэдэг сургууль болоод хилийн цэргийн дуу бүжгийн чуулгыг мөн биеийг нь даалгах зэрэг томоохон хэмжээний стратегийн баримт бичиг юм. Энэхүү хилийн цэргийг хөгжүүлэхэд асар их үр дүн өгсөн стратегийн түвшний томоохон бодлогын баримт бичгийг боловсруулахад Н.Наранжамцын үүрэг хариуцлага өндөр байсныг онцлох нь зүй.
Ийнхүү БХИС-ийн хашаанаас багахан өмчөө 3 машинд ачаалж аваад хэдэн сонсогчдоо жагсаагаад Хилийн цэргийн дээд сургууль өрх тусгаарласан түүхтэй аж.
Н.Наранжамц хурандаа Хилийн цэргийн штабын уураг тархи нь болсон Хилийн хэлтэст нийт 12 жил ажиллажээ.
ХЦДС-ИЙН АНХНЫ ЗАХИРАЛ
Хилийн цэргийн дээд сургуулийг бие даалгах шийдвэр 2001 онд гарч хурандаа Н.Наранжамцыг анхны захирлаар нь томилжээ. Тэрбээр томилолтоо өвөртлөн Засгийн Газрын 25 дугаар байр гэж хаана оршдог нь ч үл мэдэгдэх газрыг зорьсон байна.
Хотын төвөөс зайдуухан ТЭЦ-4-ийн ард орших тухайн газар ирвэл түүнийг сургууль биш аж ахуйн анги шиг ундуй сундуй, тоос тортогтоо дарагдсан навсархай байшин угтсан аж. Энэ бол 2001 оны долдугаар сарын 20 байлаа. Тэр сар хүрэхгүй хугацаанд нүсэр засвар хийж, навсархай байшинг дээд сургууль болгон хичээлийн шинэ жилээ угтсан байна. Маш богино хугацаанд спорт заал, урлагийн заал, багш нарын өрөө, анги танхимыг тохижуулан сургалтын орчныг бүрдүүлжээ. Мэдээж энэ нүсэр ажил олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэнийг онцлох нь зүйтэй. Тэр дундаас барилгын цэргийн 0119 дүгээр ангийн хамт олон голлох үүргийг гүйцэтгэсэн аж.
“Захирлаар очтол тэнд миний дарга, багш нар сууж байсан. Тэнхимийн эрхлэгч нь миний штабын дарга, хошууч генерал С.Гүржав, Эрдэм шинжилгээний төвийн ахлах судлаач, тэргүүлэх профессор нь хилийн цэргийн домог болсон командлагч, дэслэгч генерал Ш.Арвай, дэд захирал нь хошууч генерал Я.Пүрэвдорж, надад цэргийн эрдэм заасан миний багш нар болох Ч.Дашдэлэг, Ш.Доржбал, З.Пүрэвдорж гээд жинхэнэ АС-ууд дээр би захирал болж очсон. Тэднийг удирдах хэцүү, удирдахгүй байх хэцүү, амыг нь хараад байнга зөвлөгөө аваад байх хэцүү. Нэгэнт томилогдсон албан тушаал тул би ажиллах ёстой учир тэдний туршлага, ажлын арга барилаас нь суралцахын зэрэгцээ мөрдөснийх нь дээгүүр дээшээ харж байгаад хэлэх зүйлээ хэлчихдэг байсан. Мөн би багш нараа залуужуулж, шинэ залуу багш нарыг шигшин авчирч зоригтойгоор “цус сэлбэсэн”. Тэд нар маань одоо бүгд доктор, хурандаа нар болчихож.
Нэг том бэрхшээл байсан нь Ш.Арвай, А.Муратхан, С.Пүрэв, С.Гүржав нараас өөр эрдэмтэн байхгүй байсан тул багш нараа эрдэмжүүлэх, эрдэм судлалыг түгээх том ажлыг зохион байгуулж ард нь гарсан. Ердөө 3 жилийн дотор манай сургуулиас 10 орчим доктор төрсөн байдаг.
Би захирал хүн байж, багш нараа эрдэмтэн бол гэж шахаж шаардаж байж өөрөө эрдэмгүй байж болохгүй. Тиймээс цэргийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Ер нь сургууль бол их өөр орчин л доо. Сургуулийн захирал хүн цэргийн дарга шиг байж болохгүй. Гэхдээ мөн цэргийн анги гэж явдаг учраас цэргийн сахилга батыг сайжруулах ёстой. Намайг чанга хатуу, өндөр шаардлагатай, ааш муутайг мэдэх нэг нь мэднэ. Гэхдээ би тэр зангаа сургуульд гаргаагүй, сургуулийн захирал, цэргийн дарга хоёрын тэг дундуур удирдаж ирсэн.
Ер нь аливаа сургууль төгсөгчдөөрөө гайхуулдаг юм. Тэр зурвас үед төгссөн төгсөгчид өнөөдөр хилийн цэргийн ерөнхий ачааны тэнг тааруулаад аваад явж байгаа гэж боддог” хэмээн Н.Наранжамц хурандаа ярилаа.
Хилийн цэргийн дээд сургуулийн хамт олон Нараа захирлыгаа “Далайлт өндөр, буулт зөөлөн”, “Коридорын үгээр ажил хийдэггүй” зэргээр хайрлах юм билээ. Алдаа дутагдал гаргасан нэгэнд ажлаас чөлөөлөх тушаал гардуулчихаад 5 минутын дараа л өрөөндөө дуудан сануулга өгөөд өнгөрсөн л гэх.
Н.Наранжамц гэх нэрийг сурагч байхаасаа л мэддэг байв, би. Аав минь цэргийн чөлөөнд гарсныхаа дараахан энэ бүл айлд жолоочоор ажилладаг байсан юм. “Манай Нараа захирал маш хүн чанартай хүн дээ” гэхийг аавынхаа амнаас цөөнгүй сонсож байсан болохоор энэ нэр хүүхэд ахуйн ой тойнд минь шингээд үлдсэн хэрэг л дээ. “Хүнийг алаг үздэггүй, ноён нуруутай, ажилчдынхаа ар гэр, нийгмийн асуудалд анхаардаг, маш хүн чанартай” зэргээр муу аав минь их магтдаг сан. “Адуу малд алаг байхаас аавын хүүд алаг байдаггүй” хэмээн сонсогч нартаа сургамжилдаг байсан юм билээ.
Нэг өдөр аав минь нээх их мишээл тодруулаад ирж билээ. Тэр жил манайх 2 оюутантай, сургалтын төлбөр төлнө гэдэг ганцаараа ажилладаг аавд минь бишгүй том ачаа байсан юм. Угаасаа энгийнээр ажилладаг жолооч хэр их цалинтай байв гэж дээ. Тэгсэн Хилийн цэргийн дээд сургуульд сурдаг эгчийн төлбөрийг Наранжамц захирал 100 хувь хөнгөлж гэнэ дээ. Гэр дүүрэн л баяр хөөр болов. Энэ мэтчилэн зүсийг нь танихгүй ч хүүхэд ахуй цагаасаа л нэрээр нь хайрлаж, хүндэлж, биширч явдаг байсан эрхмийн тухай, аавынхаа хайртай захирлын алдар түүхийг сонины шаргал хуудаснаа мөнхлөөд сууж байгаа минь нөгөө хувь тохиол гэдэг нь байх.
Наранжамц хурандаа 2000-2008 оны хооронд тус сургуулийг удирдахдаа ХЦДС-ийг хөл дээр нь босгож, цэргийн боловсролын тогтолцоонд тодорхой байр суурьтай сургууль болгосон гавьяатай. Ердөө наймхан жилийн дотор л Баянгол дүүргийн “Шилдгийн шилдэг сургууль”, “Олон улсын зүүн өмнөд Азийн бүсийн хэмжээний их дээд сургуулиудын систем дэх олон улсын шилдэг сургууль” зэрэг тэргүүний, шилдэг гэх олон цол гуншин нэмжээ.
Түүнчлэн гуравхан машинаар нүүж ирж байсан сургуулиа тэрбумын хөрөнгөтэй, дансандаа мөнгөтэй болгоод ажлаа өгсөн юм билээ. Түүнийг ажлаа өгөх тухай сонсоод зарим нэг багш, албан хаагч, бүр сонсогч хүртэл нулимс дуслуулж байсан тухай аав минь ярьж байсан сан. Бүр зарим сайн хуульч багш нар нь шүүхээр заргалдах санал ч гаргаж байжээ. Харин Нараа захирал “Нэгэнт шийдвэр гарсан тул би явна. Та нар битгий заргалд. Та нар багш гэдэг нэрээ хадгалаад сайн ажилла” гэж хэлээд ажлаа өгөөд явчихсан аж.
Түүний шавь нараас өдгөө олон зуун отрядын дарга, штабын дарга, доктор, хурандаа нар төржээ. “Отрядын дарга нарын 40 хувь, штабын дарга нар бараг бүгдээрээ, ХХЕГ-ын штабын 60 гаруй хувь нь миний шавь нар” хэмээн Нараа захирал онгиров.
Тэрбээр захирлын ажлаа өгөөд 2008 онд ХХЕГ-ын штабын нэгдүгээр орлогч, Хилийн хэлтсийн даргаар хоёр дахь удаагаа томилогджээ. Тус албанд 2 жил ажиллахдаа “Бүсчилсэн хил хамгаалалт” төслийг боловсруулж, ХЗДХЯ-д 2 үндсэн, 5 дэд төслийг хүлээлгэж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, орчин цагийн бүсчилсэн хил хамгаалалтын үндэс суурийг нь тавиад явжээ.
“БҮХ ЦЭРЭГ”-ИЙН БАГШ
Н.Наранжамц хурандаа 2010 онд цэргийн боловсролын ууган сургууль болох БХИС-ийн Зэвсэгт хүчний стратегийн болон оператив стратегийн түвшний удирдагч нарыг бэлтгэдэг Батлан хамгаалах удирдлагын академид Стратегийн тэнхимийн ахлах багшаар томилогдсон байна. Ингэснээр Зэвсэгт хүчин, онцгой байдал, хилийн болон дотоодын цэрэг зэрэг төрийн цэргийн болон хүчний байгууллагуудын удирдах бүрэлдэхүүнийг бэлтгэх өндөр хариуцлагатай албанд хүчин зүтгэх болсон юм. Улмаар түүнийг 2013 онд ҮБХИС-ийн Боловсрол сургалтын хэлтсийн даргаар томилжээ. Шинэ албанд томилогдоод тус сургуулийн 30 гаруй мэргэжлийн хөтөлбөрийг цоо шинээр боловсруулж батлуулах хариуцлагатай ажлыг гүйцэтгэсэн байна.
Тэрээр ҮБХИС-ийн сургалтын стандарт, дүрэм журмыг шинэчлэн боловсруулах, сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах, өнөө үед явагдаж байгаа зэвсэгт мөргөлдөөн, дайнд бэлтгэх, сургах арга зарчмыг таниулан мэдүүлэхэд багагүй үүрэгтэй ажилласан аж.
Мөн тус сургуулийн хүсэлтээр тэтгэвэрт гарах наснаасаа нэг жил сунгаж ажиллан ҮБХИС-ийг 3 дахь удаагийн магадлан итгэмжлэлд оруулж байжээ.
Төрийн цэргийн байгууллагын ирээдүй хойч үеийг бэлтгэх үйлсэд оруулсан Н.Наранжамц хурандаагийн хувь нэмэр, хичээл зүтгэл асар их болохыг бригадын генерал Н.Наран-Очир онцоллоо. Тэрбээр мөн “Батлан хамгаалахын удирдлагын акаедиас Зэвсэгт хүчний жанжин штабын удирдах албан тушаалтнууд, УИХ, Засгийн Газрын гишүүд төрсөн байдаг нь Н.Наранжамцын эрдмийн их булгаас хүртсэн шавь нарын чансааг харуулж байна” гэж тодотгов.
Н.Наранжамц хурандаа эдүгээ ДХИС-ийн Хил судлалын болон Удирдахуйн ухааны профессорын багийн тэргүүлэх профессороор ажиллаж, хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлын салбарын ахисан түвшний магистр, докторуудыг бэлтгэх эрхэм үйлсэд гар бие оролцсоор байна.
Ерөөс Н.Наранжамц хурандаа бол ХЦДС, ДХИС, ҮБХИС, Батлан хамгаалах удирдлагын академи зэрэг Монгол Улсын цэргийн хүчний бүх сургуульд багшилж, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллаж, төрийн цэргийн бүх л салбар, харьяа агентлагийн хүний нөөцийг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан гавьяатай, онцгой эрдэмтэн мөн.
Ардын боловсролын болон Шинжлэх ухааны тэргүүлэх ажилтан, Монгол Улсын Гавьяат Багш, хошой “Онц хилчин”, Батлан хамгаалахын болон Хилийн цэргийн “Хүндэт ажилтан”, “бүх цэрэг”-ийн багш Н.Наранжамц хурандаадаа урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе.
Дэслэгч Д.Дайрийжав