Монгол төрийн тамгатай 13 хутагтын нэг болох Егүзэр хутагтын төрөлх нутаг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумд 1950 оны бар жилийн зуны адаг сарын шинийн 15-нд Д.Санжмятав, Ө.Сүрэн нар ууган хүүгээ өлгийдөн авчээ. Билэгт сайн өдөр төрсөн учир ач хүүгээ Өлзийхутаг хэмээн нэрийдье гэж өвөг эцэг Доной нь санал болгов. Хүүгээ хутаг хэмээн дуудах нь нэг л зохимжгүй санагдаж, нөгөө талаар ээжийнх нь аавыг Өлзий гэдэг байсантай холбоотойгоор Өлзийхутаг нэрийг өгөхөөс татгалзжээ. Харин харьшгүй хүчит, хатан зоригт ертөнцийн дөрвөн хүчтэний нэгээр Арсланбаатар хэмээн нэрийдсэн байна.
С.Арсланбаатар хүү 4 настайдаа морь унаж сураад, 6 настайгаасаа хурдны морь унах болжээ. “Миний хүү ч гүжирмэг, зоримог, Арсланбаатар нэрэндээ тохирсон эрийн хуйх шүү” хэмээн аав нь өхөөрддөг байв. Адуу мал хариулж, хурга ишигтэй хөөцөлдсөөр 8 нас хүрч 1958 онд сурагч болжээ. Тэр мэрийлттэй суралцдаг тул ангийнхаа онц сурлагатнуудын тоонд зүй ёсоор багтах болов.
Нар төөнөсөн зуны халуун өдөр санж. Хааяа хааяахан салхи сэвэлзэх нь нэн таатай. Хонь хариулж яваа хүүгийн сонирхлыг нэгэн цагаан шувуу ихэд татжээ. Тэр шувуу нэг дээшлээд л, нэг доошлоод байх юм гэнэ. Сонирхоод яваад очтол шувуу биш харин харь хэлээр бичигдсэн сонины тасархай байсан аж. Тэр сониноо бариад багшдаа очвол хөрш гүрний “Пионерская правда” хэмээх сонин болохыг хэлж, орос хэлийг сайтар сурвал их олон зүйлсийн талаар мэддэг болно хэмээн учирлажээ. Ингэж л тэр орос хэлтэй анх танилцаж, бас үл ойлгогдох энэхүү хэлийг сайтар эзэмших хүсэл тээсэн байна.
Тэрээр 1965 онд сумынхаа 7 жилийн дунд сургууль, 1968 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын бүрэн дунд сургуулийг төгсжээ.
Түүний эцэг, эх малчин хэдий ч үр хүүхдээ сайн боловсрол эзэмшүүлэх чинхүү хүсэлтэй хүмүүс байв. Аав нь “Миний хүү шилэн оройтой сургуульд л элсдэг юм шүү” хэмээн захина.
1968 он. Тэр аравдугаар ангийн улсын шалгалтаа амжилттай өгч аймагтаа ирсэн Монгол Улсын Их Сургуулийн цорын ганц хуваарийг халаасалсандаа тун чиг баяртай байв. Тэр нь хүүхэд ахуй цагаасаа сурахыг хүссэн өнөөх орос хэлний анги байлаа. “Шилэн оройтой сургуулийн цорын ганц хуваарийг авсан азтай хүү шүү” хэмээн аав нь магнай хагартлаа баярлажээ.
Их сургуулийн оюутан хүн чинь сайхан хувцасладаг байх хэрэгтэй хэмээн оюутан болсон хүүгээ ижий, аав нь хэрэндээ л гангалахыг хичээв. Зангиа зүүж, костюм өмссөн “ганган” хүү их сургуулийн босгоор алхахдаа аав, ээжийнхээ итгэлийг дааж, онц сурах үүргийг өөртөө өглөө.
1969 он. Яргуй хэнзэлж, навч нахиалсан урин цаг. Тэр нэгдүгээр курсийн төгсөлтийн шалгалтуудаа хурдан өгчихөөд гэртээ харихаар яарна. Нялх төлийн дуу сонсож, хөдөө хээр талдаа хурдан морин дэл дээр салхи татуулан давхина гэхээс нойр нь хулжина.
Хүсэн хүлээсэн төгсөлтийн шалгалт боллоо. Билетээ сугалаад бэлдэхээр суутал цэрэг хувцастай хүн ирж, яаралтай хамт явах хэрэгтэй байна хэмээн дагуулан гарчээ. Түүнийг цэрэгт татсан нь энэ юмсанж. Тэр шалгалт авч байсан орос багшдаа “Намайг эх орон минь дууджээ” хэмээгээд цэрэг эрийг даган гарч явжээ.
Ингээд тэр ЗИЛ-130 машины тэвшин дээр суугаад цэргийн алба хаахаар Дорнод аймгийг зорив. Урлагт хайртай, хөгжим дуунд эвлэгхэн түүнийг Дорнод аймгийн Барилгын цэргийн 030 дугаар ангийн хөгжмийн салаанд хуваарилсан байна.
Түүний багын мөрөөдөл нь урлагийн хүн болох байсан ч аав, ээж нь зөвшөөрөөгүй аж. Харин тэр байлдагч болоод хөгжим тоглож, бүрээ татаж, дуулж хуурдан сайн дурын уран сайханч болж багын мөрөөдлөө сая нэг биелүүлээд авчээ.
Түүнийг цэргийн алба хаагаад 2 жил 8 сарын хугацааг үдээд байтал ижийнх нь бие сайнгүй байгаа мэдээ ирж, хугацаанаасаа хэдхэн сарын өмнө халагджээ. Ээжийнх нь бие тэнхэрч тэр буцаад сурах их үйлсээ үргэлжлүүлэхээр нийслэлийг зорьсон байна.
Их сургуулиас нь түүнийг хоёрдугаар дамжаанд элсье гэвэл 5 шалгалтыг амжилттай өгөх болзол тавьжээ. Чадамгүй бол нэгдүгээр дамжаанаасаа суралц гэв. Тэр юмнаас хоцрох, хойш суух дургүй тул 2 дугаар дамжаанд суралцана гэж хэлээд шалгалтад бэлдэх 1 сарын хугацаа авчээ.
Хэл гэдэг байнга хэрэглэж, давтаж байхгүй бол мартагддаг нь жам хойно түүний нэг жил сурсан эрдэм бүдэг бадагхан болжээ. Түүнд давтах, сэргээх зүйл их байгааг ойлгов. Гэвч цаг хугацаа тун чиг давчуухан. Зорилготой хүн зогсдоггүй гэгчээр шөнөдөө цаг хүрэхгүй нүдний хор гаргаад л өдөр, шөнөгүй сууж орос хэлээ нүдэж гарчээ. Нэг өглөө толгой нь эргэж, газар дэлхий дайвалзах шиг болж гэнэ. “Хүн биеэ хайрлах ёстой юм билээ. Бүтэн сар нойргүй суусны гор нь гарч би даралтны өвчтэй болсон” хэмээн өвгөн багш халаглав.
С.Арсланбаатар зорьсондоо хүрчээ. Хичээл зүтгэлийнхээ ачаар 5 шалгалтыг амжилттай давж, 2 дугаар дамжаанд суух эрхээ баталгаажуулав. “Хүн зүтгэвэл, өөрийгөө дайчилвал болохгүй, чадахгүй зүйл гэж үгүй” хэмээн өвгөн багш өгүүллээ.
Оюутны амьдралдаа эргэн орж шамдан суралцсаар 1975 онд их сургуулиа орос хэлний багш-орчуулагч мэргэжлээр төгссөн байна.
Амьдралын хүрд цаг үргэлж хүмүүний хүслээр эргэх нь үгүй. Гэвчиг заримдаа хэзээ ч бодож, санаагүй зүйлстэйгээ нүүр тулж, тэр нь амьдралынх нь хамгийн азтай алхам болох нь бий. Үүнийг хүмүүс хувь тавилан гэцгээдэг.
Их сургуулиа дөнгөж төгссөн нүдээрээ инээмсэглэсэн залуу томилолтоо хүлээн зогсохдоо цэргийн хүн болно хэмээн санаагүй ажээ. Ерөөс төр, түмний бахархал болсон төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг мөрдөст багш болно хэмээн зүүдэлж ч байгаагүй аж. Харин гайхалтай хувь тавилангаар мөрөөдөж ч байгаагүй азтай томилолтыг өвөртөлж, Цэргийн тусгай дунд сургуулийн анхны орос хэлний багшаар томилогджээ.
1975 оны 6 дугаар сар. Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Цэргийн тусгай дунд сургууль өрхөө татаад хагас жилийг үдээд байх үед тэр үүдийг нь татаж, гүйцэд бүрдээгүй шинэ хамт олны нэг эд эс болжээ.
Зөөлөн бороо зүсэрсэн зуны яруухан өглөө Япон толгой гэж нэрлэгддэг бэсрэг бор толгойн энгэрт орших Цэргийн тусгай дунд сургуулийн босгыг анх давжээ. Шалган нэвтрүүлэх байранд түүнийг дүрэмт хувцсаа гоё өмссөн, өндөр жавхаалаг залуу угтан авсан нь хожим тус сургуулийн сонсогчдын дунд “домог” болон үлдсэн штабын дарга Жагдалын Дашням байжээ. Тэрээр ЗХУ-д Хилийн цэргийн командын дээд сургуулийг онц дүнтэй төгсөж, ахлах дэслэгч цол шагнагдан тус сургуульд цэргийн хэргийн багшаар томилогдон ирсэн нь тэр байв.
Анх уулзсан хүн нь болоод ч тэр үү, эсвэл хүний хувьд бусдыг өөртөө татсан гайхамшигтай хүн байсан болохоор ч тэр үү ямартаа ч түүнтэй гүндүүгүй сайхан нөхөрлөх болжээ.
Түүнийг Цэргийн тусгай дунд сургуулийн захирал, хурандаа Я.Рагчаа халуун дулаан угтан авсан байна. Я.Рагчаа хурандаа ажилтан, албан хаагчдынхаа ар гэрийн амьдралд ихээхэн санаа тавьдаг, хүний төлөө гэсэн эрхэм сайхан сэтгэлтэй нэгэн байсныг С.Арсланбаатар багш дурсав.
1975 оны баяр наадмын дараахан Я.Рагчаа хурандаа түүнийг дуудаж, ар гэрийн байдлыг нь асуугаад сургуулийн хашаанд бариастай 5 гэрээс дуртайгаа сонгож ав гэжээ. С.Арсланбаатар багш угаас хөдөөний хүүхэд, багаас нүүдэл суудал хийж гэр барьж сурсан учир хамгийн сайныг нь сонгож аваад ахлах дэслэгч Цэрэнбалжир найзынхаа хашаанд барьжээ.
Я.Рагчаа захирал “Чи манайхны хамгийн сайн гэрийг сонгож авсан байна лээ. Цаашид гэр орноо сайхан авч явж, сайн ажиллаарай” хэмээн урамшуулжээ.
1975 оны 9 дүгээр сар. Шинэ хичээлийн жил эхэллээ. Тухайн үед Цэргийн тусгай дунд сургууль нь хуулийн, нийгмийн ухааны, цэргийн гэсэн 3 тэнхим, сурагчдын 1 рот, үйлчилгээ аж ахуйн болон харуулын салаатай байв. Мөн 80 гаруйхан сонсогчтой, хууль ба хилийн цэргийн дамжааны курстэй, хичээлийн ихэнх цагийг хууль, цэргийн хэргийн мэдлэг, жагсаалын болон галын бэлтгэл эзэлдэг байж.
“Офицер багш гэдэг бол маш чимхлүүр ажил” хэмээн Аска багш өгүүлэв. Шавь нар нь түүний Арсланбаатар нэрийг товчилж, Аска нэр хайрлажээ. Хожим найз нөхөд, таньдаг бүхэн нь Академийн Аска гэцгээх болж.
“Хичээл дээрээ багш байна. Хичээлийн дараа офицер болно. Багш хүн цэргийн цолны цаанаас хичээл зааж болохгүй, тэгвэл сургалт биш болно. Хичээлийн 90 минут бол оюутныг хөгжүүлэхэд чиглэсэн чөлөөт сэтгэлгээний цаг байх ёстой. Тийм болохоор хичээлийн цагаар сонсогчдын өмнө зөвхөн багш байж, хичээлийн бус цагаар цэргийн дүрэмт хувцас өмссөнийхөө хувьд цэргийн дарга талаасаа хандаж болно” хэмээн Аска багш өгүүлэв.
Тухайн үед зааж буй хичээлдээ тэргүүний арга туршлагыг нэвтрүүлэхэд тэнхимүүд ихэд анхаарч байсан талаар тэр дурслаа. Залуу багш нарыг туршлагатай ахмад багш нарт даатган өгч сурган заах эрдэмд дадлагажуулдаг байж. Мөн Зөвлөлтийн багш нарын гадаад хэл сурган заах арга зүйгээс суралцаж, нэвтрүүлж байсан нь ихэд сайшаагдаж байсан аж.
Цэргийн тусгай дунд сургуулийн дэргэд ДЯЯ-ны гадаад хэлний бэлтгэл ангийг 1976 онд нээж, курсийн дарга багшаар түүнийг томилжээ. Энэхүү орос хэлний бэлтгэл ангид орос, англи, герман, испани хэлтэй Д.Ганбат, орос сургууль төгссөн Т.Батчулуун, М.Баяраа, С.Болдбаатар нарын гадаад хэлний мэдлэг сайтай сонсогчид ч суралцаж байв. Тэдгээр шавь нар нь бэлтгэл ангиа амжилттай төгсөж, ЗХУ-д суралцаж байх үед Аска багш мөн Академийн оюутан болж алтан Москваг зорьжээ.
1980 он. ЗХУ-ын Москва хотноо Лениний нэрэмжит Улс төрийн академид тэр суралцах болжээ. Бэлтгэл ангийн сонсогчдын орос хэлний мэдлэг онцсайн хэмээн орос багш нараас магтаалын үг сонсохдоо тэр машид баярлаж, ихэд урамшжээ.
Тэнд 3 жил суралцаад 1983 онд Нийгмийн ухааны төрөл мэргэжлийн болон философийн мэргэжлээр төгссөн түүнийг хилийн цэргийн 20 дугаар отрядад улс төрийн орлогчоор томилоод байв. Гэтэл Цэргийн дээд сургуульд багш хэрэгтэй хэмээн түүний томилгоог буцааж дахин багшаар томилсон байна.
Цэргийн тусгай дунд сургууль нь 1982 онд Цэргийн дээд сургууль болж өргөжин дээд боловсролтой офицеруудыг бэлтгэх болжээ. Энэ удаа тэрбээр орос хэлний багш биш нийгмийн ухааны багшаар ажиллах болов.
Тэрээр СССР-ийн түүх, Марксист ленинист философи, логик зэрэг 5 хичээлийг орос хэлээр, мөн социологийн түүх, ёс зүй, гоо зүй зэрэг хичээлийг бүх ангид буюу өдөр бүр 8 цагийн хичээл зааж, маш өндөр ачаалалтай ажиллах болжээ. Сурган заах энэ өндөр ачааллаас гадна сургуулийн бүтээн байгуулалтын ажилд оролцож, байлдааны бэлэн байдал, хээрийн сургалт бүрийн тэргүүн эгнээнд зүтгэж явжээ.
Багш хүн өдөр бүр тасралтгүй өөрийгөө хөгжүүлж байх эрхэм үүргээ ухамсарлан МУИС-ийн аспирантурын сургалтад 1993 онд элсэж, 1999 онд “Сэтгэхүйн соёл, түүний төлөвшилтийн асуудал” сэдвээр философийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Тухайн үед МУИС-ийн Доктор хамгаалуулах эрдмийн зөвлөл 21 гишүүнтэй байжээ. Арсланбаатар багшийг доктор хамгаалах үеэр Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд “Хэрэв хамгаалуулах зөвлөлийн 100 хувийн саналаар докторын зэрэг хамгаалж чадвал хугацааны өмнөх хурандаа цол олгоё” хэмээн ярилцсан байв.
Тэрээр тухайн үедээ Монгол Улсад энэ сэдвийг барьж судалсан анхны судлаач байсны дээр түүний бичсэн судалгааны ажил ээдэрсэн асуудлуудад хариулт өгч сэтгэлгээний соёлын түүхэнд шинэ нээлт болсон хэмээн үнэлэгдсэн байна.
Зүтгэвэл зорилгодоо тултал хүрдэг зангаар Аска багш 100 хувийн саналаар докторын зэргээ хамгаалж, хугацааны өмнөх хурандаа цолоор шагнагдаж, баяр дээрээ баяр нэмжээ.
Тэрбээр нийгмийн ухаан, философийн чиглэлээр нэг сэдэвт бүтээл болон гарын авлага 20 орчим, мөн 40 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлсэн байна.
Сурган заах, судлан шинжлэх, марш тактик, хээрийн сургуулилт зэрэг нөр их ажлынхаа хажуугаар хүүхэд ахуйн мөрөөдлөө биелүүлж, Зууны манлай уртын дуучин, Соёлын тэргүүний ажилтан цол хүртээд амжжээ. Цаг наргүй ажил, зав чөлөөгүй амьдрал хүний хүсэл мөрөөдөл, хийж бүтээх их үйлсийг хэзээ ч тушиж чадахгүйг түүний амьдрал нотлон харуулах шиг.
Аска багш албан тушаалд дургүйхэн. Шалтгаан нь “Багш хүн багшаараа л байх ёстой” гэх түүний зарчимтай холбоотой. “Би багшлахаас, сурган заахаас өөрийг мэдэхгүй жирийн л нэг ядуу багш. Харин шавиар бол толгой баян хүн шүү” хэмээн Аска багш инээмсэглэв. Ерөөсөө багшаа хэмээн дуудуулна гэдэг өөрөө өндөр том шагнал гэлээ.
Цэргийн тусгай дунд сургуулиас Цагдаагийн академи хүртэл 30 гаруй жил багшлахдаа тэр олон сайхан шавь төрүүлжээ. Түүний шавь нараас олны дунд од мэт гялалзсан төр, нийгмийн зүтгэлтнүүд болон эрхэм сайхан багш нар цөөнгүй төрсөн байна. Түүнчлэн багштайгаа ижилхэн хурандаа цолтон 300 гаруй, эрэмбэ илүү генерал цолтон 20-оод төржээ. Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяатууд, эрдэм номын мөр хөөсөн эрдэмтэн багш нар, цэрэг, цагдаагийн байгууллагын удирдах ажилтнууд ч олон гарсан байна.
Үргэлжлүүлэн “Манай ДХИС-ийн тэргүүн болон дэд захирлууд бүгд миний шавь юм шүү дээ” хэмээн Аска багш онгиров.
Буддын шашинд хүмүүн болж төрөх нь зүүний үзүүрт тогтох арвай лугаа ховорхон тавилан гэдэг. Тэр энэ л ховорхон тавилангаа хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлын салбарын хүний нөөцийг бэлтгэх эрхэм үйлсэд зориулжээ. Бүх л насаараа нэг л байгууллагад ажиллаж, түүнийхээ дэргэд 40 гаруй жил буурь сэлгэхгүй амьдарч яваа өвгөн багшийн амьдрал чин сэтгэл гэгчийг мэдрүүлэх аж.
“Харуул Алтай” хотхоны буурин дээр манай Цэргийн тусгай дунд сургууль байлаа. Би одоо ч очоод хаана штаб, хаана манай тэнхим байсан гээд бүгдийг зааж өгч чадна” хэмээн бахдал дүүрэн ярих өвгөн багш төрөлх сургуулийнхаа дэргэдэх байрандаа шавь нараараа омогшиж, онгирч, бахдаж сууна лээ.
Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт, Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, цагдаагийн хурандаа С.Арсланбаатар багшдаа урт насалж, удаан жаргахыг ерөөе.
Дэслэгч Д.Дайрийжав