ЭЛДЭВТЭЙ ЭРДЭМТЭН ЦАГААНЫ ГАНБОЛД

Огноо: 2023-07-08
ЭЛДЭВТЭЙ ЭРДЭМТЭН ЦАГААНЫ ГАНБОЛД
ЭЛДЭВТЭЙ ЭРДЭМТЭН ЦАГААНЫ ГАНБОЛД

Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, ЭШНХ-ийн Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, “Хил судлал” сэтгүүлийн эрхлэгч, цэргийн ухааны доктор, профессор, хурандаа Ц.Ганболдыг “Эрдмийн далай” сонин энэ удаагийнхаа дугаар зочноор онцоллоо.

“Цагааны Ганболд бол хил судлалын түүхэнд нээлт хийсэн, даацтай, бүтээлч, хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн юм” хэмээн Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт тодорхойлсон. Эрхэм хурандаагийн ингэж хэлсэн нь учиртай.

Ц.Ганболд доктор хил хамгаалах салбарын боловсон хүчнийг бэлтгэх, хил судлалыг хөгжүүлэх, хилчдийн танин мэдэхүй, мэдлэгийг зузаатгахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан судалгааны бүтээл, ном, сурах бичгүүдийг туурвисан байдаг. Түүний бүтээлд Монгол Улсын Үндэсний төв архив, Төв номын сан, Гадаад харилцааны яамны болон Хилийн цэргийн архивт ч байдаггүй нэн үнэ цэнтэй баримтууд багтсан байдаг нь түүнийг ямархан судлаач, эрдэмтэн болохыг илтгэнэ.

Ц.Ганболд хурандааг элдэвтэй эрдэмтэн гэж тодотгосон минь мөн л учиртай. Түүнийг ногоон мөрдэс зүүсэн хилчин, номын цүнхээ дээдэлсэн багш, хил судлалын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг, хилчин дайчдын мэдлэгийг цэнэглэгч эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, хилчин дипломатч гээд тодотгох зүйл олон. Хэд хэдэн дууны шүлгийг бичсэн яруу найрагч, аян замын тэмдэглэлээр гаршсан сэтгүүлч, тэгшитгэл, тэнцэтгэлийн багш, нөхөрсөг шог, элэглэлийн мастер гэдгийг нь ч мартаж болохгүй.

Дунд сургуулийн математикийн багш, байлдагчаас эхлээд их, дээд сургуулийн багш, тэнхимийн эрхлэгч, факультетийн декан, захирал, дипломатчийн хүндтэй албыг хашиж явсан эрхэм хурандаагийн хилээ манасан, хилчид бэлтгэсэн, хилчдийг эрдэмжүүлсэн он жилүүдийн тухай уншигч танаа товчхон өгүүлье.

Даргаар эхэлсэн хилчин харгуй

Ц.Ганболд хурандаа бол Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрж, Цогтод өссөн Засагт ханы зартай харчуудын нэг. Түүний аав Цагаан гуай Цогт сумын Давшилт нэгдэлд 40-өөд жил ерөнхий нягтлан бодогч хийжээ. Ц.Ганболд хурандаагийн ах, дүү, авга, нагац нарын дийлэнх нь санхүүчид. Тэрбээр бичиг цаас, тооны машин, сампин дунд л хүүхэд насаа өнгөрөөжээ. Тиймээс дунд сургуулиа төгсөөд л гэрийнхнийхээ “үндсэн” мэргэжлийг уламжлан Цогт сумынхаа ерөнхий боловсролын сургуульд математикийн багшаар ажиллах болсон байна.

Тэгшитгэл, тэнцэтгэл заан манаргаж байтал нь цэргийн зарлан дуудах хуудас ирж, 1978 онд Говь-Алтай аймгийн Алтай сумд орших Хилийн цэргийн 0214 дүгээр ангид хугацаат цэргийн албанд татагдав. Тухайн үед цэргүүд дунд аравдугаар анги төгссөн хүн цөөхөн байсан тул сайхь математикийн багшийг Сургууль-заставын эвлэлийн үүрийн даргаар томилж, бага түрүүч цол олгожээ. Ийнхүү цэргийн албанд ирэнгүүтээ л “дарга” болоотохов.

Сампин, бичиг цаасаар тоглож өссөнийх үү, үзэг, цаас холбох үнэнхүү дуртай хүү байжээ, тэр. Их сургуульд суралцаж, эрдэм боловсрол эзэмших туйлын хүсэлтэй байсан учир хугацаат цэргийн алба хаах хугацаандаа шалгалт өгч тэнцсэнээр 1979 онд алтан Москваг зорив. Тэрбээр ЗХУ-ын Хилийн цэргийн командын дээд сургуульд Ерөнхий цэргийн команд мэргэжлээр 5 жил суралцан, сонсогчдын тэсвэр тэвчээрийг сорьдог бэрх бүхнийг даван туулж хатуужин 1984 онд улаан диплом өвөртлөн Улаанбаатартаа иржээ.

Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хил хамгаалах эрдмийг өвөртөлж ирээд байх үед нь Баян-Өлгий аймагт шинэ отряд байгуулж таарав. Шинэхэн дэслэгч Ц.Ганболд Баян-Өлгийн шинэ отрядад сурсан эрдэм чадлаа үзүүлэх ирмүүн бодол тээн томилогдох хүсэлтээ өглөө. Гэтэл Алтайн отрядын ангийн захирагч, хурандаа Эрдэнэ-Очир “Та бол манай отрядоос шалгалт өгч, ЗХУ-д төгсөж ирсэн анхны офицер. Тиймээс таныг төрөлх отрядад чинь томилно” хэмээгээд Алтайн отрядын Сургууль-заставын даргаар томилсон байна.

Цэрэг байсан ангидаа дэслэгч болоод ирсэн Ц.Ганболдод төрсөн гэртээ очиж буй мэт халуун дулаан мэдрэмж төржээ. Дассан газрын даавуу зөөлөн гэгчээр түүнийг бүх л дарга, цэрэг, хамт олон нь сайхан хүлээж авав.

Сургууль-застав гэдэг нь бага дарга, мэргэжилтэнг бэлтгэдэг, өөрөөр хэлбэл, бага дарга нарын сургууль юм. Алтайн отрядын сургууль-заставын даргын орлогчоор Ц.Ганболдыг цэрэгт байхад Хүнсний албаны дарга байсан хошууч Буянтогтох ажиллаж байлаа. Шинэхэн дэслэгчийг ийм том албанд томилно гэдэг ховор үзэгдэл юм. ЗХУ-д улаан дипломтой төгссөн Ц.Ганболдод дарга, удирдлагууд нь ямар их итгэл найдвар хүлээлгэж байсан нь үүнээс харагдана. Ц.Ганболд ч итгэлийг нь алдалгүй зүтгэж, тушаал дэвшин штабын туслах, цэргийн алба зохион байгуулалтын ахлах офицер болов.

Ердөө гуравхан жилийн өмнө эрдэм чадалдаа эрдэж байсан залуу өдгөө эх орныхоо торгон хил дээр халуунд халж, хүйтэнд хөрж, туурга тусгаар улсынхаа тулганы галыг нүд цавчихгүй манах хашир хилчин болжээ.

Хил манах ажилд овоо гаршаад байтал нь 1994 онд түүнийг хилийн зөрчил маш их гардаг Баян-Өлгийн аймгийн Цагааннуурын отрядын Шалган нэвтрүүлэх албаны ахлах офицероор томилсон байна. Шинэ томилогдсон алба нь сарын хагасыг хилийн шугам дээр өнгөрөөх хилчин эрсийн шандсыг сорьсон газар байлаа. Гэсэн ч тэр хэцүү бэрхийг үл ажран эх орныхоо дархан хилийг манах их үйлсэд нэгэн сэтгэлээр зүтгэж, тушаал дэвшин Хилийн албаны тасгийн дарга болоод байтал нь 1996 онд Баян-Өлгийн отряд татан буугдаж, түүнийг Батлан хамгаалах их сургуулийн харьяа Хилийн цэргийн сургуульд дамжааны багшаар томилсон байна.

Ц.Ганболд хурандаа амьдралынхаа 20 орчим жилийг туурга тусгаар Монгол Улсынхаа тулганы галыг сахиж, хилийн манаан дээр өнгөрүүлжээ.

Хил судлалын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг

Ц.Ганболд хурандааг багшаар томилох үед Монгол Улсад хил судлалыг цэргийн шинжлэх ухааны хүрээнд л авч үздэг байв. Орост анх үүссэн хил судлалын шинжлэх ухааныг Монголд нутагшуулах, хил судлал бол цэргийн шинжлэх ухааны салбар биш, биеэ даасан тусдаа шинжлэх ухааны болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хил судлалын магистр, докторын сургалт явуулах тусгай зөвшөөрөл авах зэрэг хил судлалыг хөгжүүлэх ажилд тэрбээр олон зуун хилчдийнхээ хамт чамгүй үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн хил судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн доктор, тэргүүлэх профессор Г.Дагважамц хурандаагийн санаачилгаар 1999 оноос “Хил судлал” сэтгүүлийг хамтран гаргасан нь өдгөө ч хэвлэгдэж байна. Энэ жилээс тус сэтгүүл Солонгос, Америк, Буриад, Украйн эрдэмтдээр редакцаа өргөжүүлж, шүүлтүүртэй, босго өндөр сэтгүүл болж байгаа аж. Цаашлаад олон улсын импакт фактортой сэтгүүл болох зорилготой гэсэн.

“Судлаач, эрдэмтэд, хилчдийнхээ олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд хил судлалын шинжлэх ухааныг Монголд бүрэн нутагшуулсан. Бидний цаашдын зорилго бол хил судлалын чиглэлээр бие даасан хамгаалуулах зөвлөлтэй болох явдал юм” хэмээн Ц.Ганболд доктор ярив.

Номын цүнхээ дээдэлсэн багш

Хил судлал бол тусдаа шинжлэх ухаан болохыг Монголд хүлээн зөвшөөрч, 2000 онд Хилийн цэргийн дээд сургуулийг Батлан хамгаалах сургуулиас салган бие даасан сургууль болгожээ. Тус сургуульд Ц.Ганболд хурандаа дамжааны багш, багш, тэнхмийн эрхлэгч, эрх зүйн факультетийн декан, сургалт, бодлого зохицуулалтын албаны дарга, сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, Хилийн цэргийн дээд сургуулийн захирал, Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн захирал, Удирдлагын академийн захирал гээд шат алгасахгүй тушаал дэвшив.

Тэр хилчин бэлтгэх үйлсэд өдгөө 26 дахь жилдээ зүтгэж байна. Багшаа хэмээн инээмсэглээд угтах 4000 гаруй хилчин шавь нь өдгөө эх орны дөрвөн зүг, найман зовхист харах нүд цавчихгүй торгон хилээ манаж байна. Түүний шавь нарын зарим нь өдгөө өөртэй нь ижил хурандаа, эрэмбэ илүү генерал ч болоодохож. “Ажлын минь анхны гараа багшаар эхэлж, одоо багшаар дуусаж байна” хэмээн Ц.Ганболд хурандаа бахархан ярив. Хүмүүний энэхэн орчлонд эрдэм мэдлэгийг бусдад түгээж, сэтгэл, оюунд нь гэрэл нэмэхээс илүү буянтай, бахархалтай алба юу сан билээ.

АНУ-ын Харвардын их сургуулиас гаргасан судалгаанд дэлхийн хамгийн нэр хүндтэй бахархалтай мэргэжлийг жагсаахад хилчний мэргэжил гуравдугаарт эрэмбэлэгджээ. “Би бол нэгдүгээрт л оруулна” хэмээн Ц.Ганболд хурандаа инээмсэглэв. “Хамаг залуу нас, хамаг бүхнээ хил манаж өнгөрүүлдэг учраас хилчин хүнийг хайрлахаас аргагүй” хэмээн Сталин хэлжээ. Өдгөө ч оросууд хундага өргөхдөө “Яг энэ мөчид хилээ манан зогсож буй хилчдийн төлөө” хэмээдэг аж.

Эх орны тусгаар тогтнолын тэргүүн дээд бэлгэ тэмдэг болох торгон хилийн сүлдэт багана бүхнийг түүний шавь нар манаж байгаа учраас, дэлхийн 6 тэрбум хүний бахархан хайрладаг хилчин мэргэжлээр 4000 гаруй хүнийг бэлтгэсэн учраас тэр өөрөөрөө, албаараа бахархахгүй, онгирохгүй байхын аргагүй.

Ц.Ганболд хурандаа сайн багшаас гадна алиа хошин нэгэн. Эрх зүйн факультетийн декан байх үедээ оюутнуудыг “Гуйгаад суухгүй, хөөгөөд зайлахгүй. Ядаж төлбөрөө төлчихөөч ээ” хэмээн элэглэдэг тухай шавь нь дурсана лээ.

Хилчин дипломатч

Хил хамгаалах байгууллагаас дипломат албанд томилогдон үүрэг гүйцэтгэсэн 16 хилчин байдаг. Монгол Улсаа төлөөлөн харь оронд алба хашсан дипломат хилчдийн нэг нь Ц.Ганболд хурандаа.

Тэрбээр хил манах, хилчин бэлтгэх үйлсэд 40 жил зүтгээд 2016 оны 6 дугаар сард ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ОХУ Буриад улсын Улаан-Үүд дэх Монгол Улсын Ерөнхий Консулын Газарт дэд консулаар томилогдсон байна. Улаан-Үүдэд хоёронтаа томилогдсон хурандаа Г.Жаргалсайханаас ажлаа хүлээн авч, 3 хоног дагалдан консулын албаны цагаан толгойд суралцжээ.

Консулын газрын дэд консулын ажил бол ихээхэн ачаалалтай алба бөгөөд нийт ачааллын 70 хувь ноогддог болохыг Ц.Ганболд хурандаа ярив. Тэр тусмаа манай монголчууд Улаан-Үүдийг хөгжүүлэх их аянд мордоод байсан ид үе учраас ачаалал ч, асуудал ч их байж. Дэд консул байсан тухайгаа “Яаж амжуулж байснаа одоо ч гайхдаг. Хил, сургууль гэсэн хоёрхон газар дан цэргээр явсан болохоор энгийн газар, харь оронд, гадаад харилцааны байгууллагад, өөр хамт олны дунд ажиллах нь иргэнших, суралцах амьдралын их сургууль байлаа” хэмээн Ц.Ганболд хурандаа дурсана лээ.

Хилчдийн мэдлэгийг цэнэглэгч

Ц.Ганболд хурандаа арваад жилийн өмнө “Эх орны манаа” сониноос зарласан нийтлэлийн уралдаанд “Хил, хилчин, хилийн цэрэгт хайртай учраас хилчин надад хэлэх үг байна” хэмээх асуудал дэвшүүлсэн нийтлэлээрээ оролцжээ. Тэрбээр нийтлэлдээ дээрээс крандуулж албан тушаалд очдог, албаа худалддаг байдал зэрэг хилийн цэрэгт тулгамдаж байгаа асуудлуудыг нэлээд зоригтой шүүмжлэн бичсэн байна. Түүний нийтлэл дуулиан тарьж, уралдааны тэргүүн байрыг ч эзэлжээ.

Ц.Ганболд хурандаа өөрийгөө хил, хилчидгүйгээр төсөөлж байгаагүй гэнэ. Тиймээс хилчдийнхээ тулгамдсан асуудлыг аль болох ярьж, дуугарч, хилчдийнхээ дуу хоолой болох чинхүү хүслээ биелүүлж явдаг зоримог эрдэмтэн. Тэрбээр хилийн тухай асуудал дэвшүүлсэн 28 аян замын тэмдэглэл бичжээ.

Хилээр явахгүйгээр судалгааны ажил бичих боломжгүй хэмээн Ц.Ганболд хурандаа ярив. Хил судлалын чиглэлээр 20 гаруй судалгааны ажил, ном, сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлсэн байна.

Тэрбээр нэг биш нэжгээд номын нээлтийг нэг дор хийдэг өвөрмөц эрдэмтэн. Саяхан л гэхэд “Хил судлал”, “Хилчин-Дипломатууд”, “Хаант Орос-Манж Чин улсын хилийн харилцааны түүхэн тойм (1689-1911)” гэсэн гурван бүтээлийнхээ нээлтийг нэг дор хийсэн билээ. Энэ нь түүний нэг биш, хэд хэдэн бүтээл дээр зэрэг ажиллах арга барилтай холбоотой. Нэг нь мухардахад нөгөө рүү шилжих замаар туурвисаар хэд хэдэн бүтээлийн ард зэрэг гаргачихдаг аж.

Түүний 10 гаруй жилийн нөр их хөдөлмөрийнхөө үр дүнд олны хүртээл болгосон “Хил судлал” бүтээлийг хурандаа Н.Наранжамц “Энэхүү бүтээл нь хил судлалын ухааны судлах зүйл, онол арга зүй, судалгааны обьект, категоруудыг нээн харуулсан, хил судлал, хил зааглалын болон хил шинжлэлийн асуудлуудын талаар онолын нэгдсэн ойлголт, мэдлэгийн эх сурвалж болж байгаагаараа ач холбогдол бүхий, судалгаа шинжилгээ, танин мэдэхүйн, орчуулгын, томоохон бүтээл” хэмээн тодорхойлжээ.

Орос, хятад хэл дээрх нийтийн хүртээл болоогүй гадаад эх сурвалжуудыг ашиглан туурвисан “Хаант Орос-Манж Чин улсын хилийн харилцааны түүхэн тойм (1689-1911)” бүтээл нь анхдагч эх сурвалжуудыг шинжлэх ухааны эргэлтэд анх оруулсан гэдгээрээ өндөр ач холбогдолтой. Энэхүү бүтээлийг нь цагдаагийн хурандаа О.Зоригт “Бидний мэдэхгүй, сонсож ч байгаагүй баримтыг олж нээн, хөндөж гаргасан, хил судлалын түүхэнд томоохон нээлт болсон ховор бүтээл” хэмээн тодотгосон. Тэрбээр цагдаагийн хурандаа О.Зоригтын хэлсэнчлэн даацтай эрдэмтэн яах аргагүй мөн.

Судлаач хүн их уншдаг, эрэлч, хайгуулч байх ёстойгоос гадна ном худалдаж авахад мөнгө зарцуулж сурах хэрэгтэйг Ц.Ганболд хурандаа онцлов. Түүнд төв архив, төв номын санд ч байдаггүй ховор ном цөөнгүй бий аж. Түүнээс гадна цөөнгүй ном, бүтээл гаргасан ч ашиг олсон удаа байхгүй гэнэ. “Дуртай даа л юм даа. Хилчдийн төлөө гэх хэнхэгдүү, махруу зан байгаад байдаг” хэмээн тэр ярив.

Хилийн төлөө гэх түүний энэ их сэтгэл, зүтгэлийг Хил хамгаалах байгууллага үнэлэн 2015 онд тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналаараа шагнажээ. Түүнд “Боловсролын тэргүүний ажилтан”, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”, “Хууль зүйн тэргүүний ажилтан”, Дотоод хэргийн их сургуулийн “Тэргүүний эрдэм шинжилгээний ажилтан”, “Хүндэт хилчин”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас одон”, “Байлдааны гавьяаны одон”, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон” зэрэг төрийн дээд одон медаль олон байдаг ч “Сүлдэт багана” шагналдаа хамгаас дуртай гэнэ.

Эхэнд онцолсончлон тэр их элдэвтэй эр. Дотоод хэргийн их сургуулийн албан ёсны сүлд дууны шүлгийг тэр бичиж, 2016 онд батламж гардаж байжээ. Түүнчлэн нөхдөдөө зориулан нөхөрсөг шог их бичнэ. Шүлэг найраг зохиодог тухайгаа “Бурхангүй газрын бумба л галзуурч байхгүй юу” хэмээв.

Тэгшитгэл заана, шүлэг зохионо, нийтлэл бичнэ, хил манана, хилчин бэлтгэнэ, хилчдийг эрдэмжүүлнэ гээд хэтэрхий олон чадвартай, хил хамгаалах салбарын нэгэн цагийн түүхийг бичилцсэн, бичиж яваа эрхэм хурандаагийнхаа ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Түүний хэлэх дуртай, ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн хэлсэнчлэн “Асаж байгаа дээрээ ахиухан дүрэлз. Унтарсан хойноо утаа май бүү тавь” хэмээх үгээр нийтлэлээ төгсгөе.

Дэслэгч Д.Дайрийжав

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.212)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram