Цагдаагийн хошууч Э.Хишигбайгаль: Судалгааны ажил хийх нь тууштай, сэтгэлийн хаттай байх, багийн ажиллагаа шаарддаг

Огноо: 2026-01-05
Цагдаагийн хошууч Э.Хишигбайгаль: Судалгааны ажил хийх нь тууштай, сэтгэлийн хаттай байх, багийн ажиллагаа шаарддаг
Цагдаагийн хошууч Э.Хишигбайгаль: Судалгааны ажил хийх нь тууштай, сэтгэлийн хаттай байх, багийн ажиллагаа шаарддаг

Дотоод хэргийн их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн “Тэргүүний судлаач”-аар шалгарсан Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Э.Хишигбайгальтай ярилцлаа.

-Тэргүүний судлаачаар шалгарсанд тань баяр хүргэе. Өнгөрсөн хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн ажлуудаасаа тоймлон танилцуулна уу?

-Юуны өмнө эрхэм уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн хичээлийн жил бол хамтран ажилладаг судлаачид, тэнхимийн эрдэмтэн багш нартайгаа хамтран төлөвлөсөн ажлуудаа амжилттай хэрэгжүүлсэн, бүтээлч хөдөлмөрийн үр шим арвин, онцгой жил байлаа.

Тухайлбал, нийт 4 захиалгат судалгааны ажил хийж гүйцэтгэснээс нэг судалгааны ажлын удирдагчаар, гурван судалгааны ажлын багийн гишүүнээр ажиллалаа.

Тэнхимийн багш нартайгаа хамтран “Зөрчлийн эрх зүйн тусгай анги” сурах бичгийг боловсруулж, зохиогчийн эрхээ баталгаажуулан гэрчилгээ авсан. Тус сурах бичиг нь 2024 оны ХЗДХ-ийн сайдын нэрэмжит “Шилдэг бүтээл” шалгаруулах уралдаанд тусгай байр эзэлсэн. Үүнээс гадна Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс болон Багануур дүүргийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдад уг сурах бичгийн агуулгаар сургалт зохион байгуулсан нь онцлох ажлуудын маань нэг болсон.

Олон улсын болон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудад хэлэлцүүлсэн илтгэлүүдээс дурдвал INTERPA олон улсын цагдаагийн сургалтын байгууллагаас зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд “Хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх боломж болон сорилтууд” сэдвээр, Зүүн Сибирийн Технологи, менежментийн их сургуулийн эрдэм шинжилгээний хуралд “Тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний баталгаанд хийсэн шинжилгээ” сэдвээр, “Улсын эрх” бүтээлийн 111 жилийн ойд зориулан зохион байгуулсан “УЛСЫН ЭРХ–111” эрдэм шинжилгээний хуралд “Тайван жагсаал, цуглаан хийх эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ” сэдвээр илтгэл тавьж, шилдэг илтгэгчээр шалгарсан. Түүнчлэн ДХИС-ийн Багшийн хөгжлийн төвөөс “Багшийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулсан “English language in my career and future” англи хэл дээрх илтгэлийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн.

Мөн DOAJ (Directory of Open Access Journals)-д бүртгэлтэй хоёр сэтгүүлд, Scopus CiteScore:1.2 ангиллын нэг сэтгүүлд, ВАК:К1 ангиллын нэг сэтгүүлд, дотоодын хоёр сэтгүүлд гээд нийт зургаан өгүүллийг дангаараа болон хамтран нийтлүүлээд байна.

Дээр дурдсан бүхэн миний хувьд судалгааны ажлынхаа чанарыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний арга зүйгээ улам баяжуулахын зэрэгцээ олон нийтийн өмнө илтгэх ур чадвараа ахиулахад томоохон дэмжлэг болсон. Товчхондоо, өнгөрсөн хичээлийн жил бол мэргэжлийн өсөлт, судалгааны ололт амжилт, хамтын ажиллагааны үр дүнгээр дүүрэн үнэ цэнтэй жил байлаа.

-Таны тайланг уншиж байхад шавь нараа судалгааны ажилд чиглүүлэхэд багагүй хүчин чармайлт гаргажээ гэж анзаарагдсан л даа.

-Багш хүний үүрэг бол өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхийн зэрэгцээ шавь нараа суралцах, судалгаа хийх арга зүйд сургах явдал байдаг. Миний хувьд өнгөрсөн жил сонсогч, оюутнуудын эрдэм шинжилгээний ажлыг удирдан чиглүүлэхэд хүчин чармайлт гаргаж, мэддэг чаддаг бүхнээ зааж, судалгааны сонирхлыг нь дэмжихийг зорин ажилласан.

Өнгөрсөн жилийн хугацаанд 60 гаруй сонсогч, суралцагчийн эрдэм шинжилгээний илтгэлийг удирдан ажиллалаа. Гаргасан амжилтуудаас дурдвал их, дээд сургуулиудын дунд зохион байгуулсан “Ирээдүйн судлаач-2025: Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд” эрдэм шинжилгээний хуралд 3 дугаар байр, “Төрийн албан хаагчийн мэргэжлийн ёс зүй, харилцаа-хандлага” сэдэвт англи хэл дээрх хуралд 2 шатанд шалгарсан, “Шилдэг илтгэл, уран илтгэгч” тэмцээнд 2 дугаар байр, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Азийн сан, “Монголын Скаутын Холбоо” НҮТББ-аас хамтран зохион байгуулсан “Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт “Хакатон” уралдаанд 3211 дүгээр дамжааны сонсогчдоос бүрдсэн “Эрх зүйн хамгаалагчид” баг, “Шонхор” багийг тус тус удирдан оролцуулж “Шонхор” баг тэргүүлсэн байна.

-Анхны судалгааны ажлаа эргээд дурсвал?

-Хамгийн анх оюутан байхдаа О.Амарсайхан багшийнхаа удирдлага дор эрдэм шинжилгээний илтгэл бичиж байлаа. Дараа нь Удирдлагын сургуульд сургалтын туслах ажилтнаар ажиллах хугацаандаа багш нарынхаа судалгааны ажлуудыг SPSS программаар нэгтгэж, өгөгдөл боловсруулах үндсэн арга зүйд суралцсан. Харин 2019 онд багшлах эрхийн сургалтад сууж байхдаа доктор, дэд профессор Ц.Баясгалан багшаар удирдуулан “Оюутнуудын суралцахуйд нөлөөлөх зарим хүчин зүйлсийн шинжилгээ” сэдэвт ангийн ажлыг анх бие даан хийж байлаа. Энэ үеэс хойш багштайгаа хамтран олон судалгааны ажил хийж, өнөөг хүртэл суралцсаар явна.

-Судалгааны ажлаас авсан хамгийн том урам зориг юу байсан бэ?

-“Оюутнуудын суралцахуйд нөлөөлөх зарим хүчин зүйлсийн шинжилгээ” сэдэвт судалгааны ажлыг хийхээс өмнө “Нийгэм ямар байна, хүн тийм байна” гэж боддог байсан. Харин энэ ажлыг хийснээр өнөөгийн үзэл санаа болох “Хүн ямар байна, нийгэм тийм байна” гэх ойлголтыг илүү ихээр ухамсарласан.

Энэ судалгааг хийснээр их, дээд сургуулиуд зөвхөн мэргэжлийн чадавх эзэмшүүлээд зогсохгүй суралцагчдын авьяас, чадварыг хөгжүүлэх, тэднийг тухайн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж чадах бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх хэрэгтэйг ухаарсан. Энэ нь надад суралцагчидтай хэрхэн харилцах, тэдний авьяас чадварыг нээж хөгжүүлэх талаар бодож эхлэх эхний алхам болсон. Өнөөдөр ч би суралцагчдын авьяас чадварыг нээж, тэднийг төрөл бүрийн эрдэм шинжилгээний ажилд дагуулан сургахыг зорин ажилласаар байна.

-Та одоо ямар чиглэл, сэдвээр түлхүү ажиллаж байна вэ?

-Би хүний эрх болон боловсрол судлалын чиглэлээр судалгааны ажлыг дангаар болон бусад судлаачтай хамтран гүйцэтгэж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд докторын судалгааны ажил болох “Тайван жагсаал, цуглаан хийх эрх, эрх чөлөөний хэрэгжилт” сэдвээр голлон анхаарч ажиллаж байна.

-Судалгааны ажлын хамгийн хүнд, хамгийн бахархам мөчүүд нь юу вэ?

-Судалгааны ажил гэдэг бол тууштай байдал, сэтгэлийн хат, багийн ажиллагаа гээд олон чадварын нэгдэл шаарддаг. Судалгааны асуултаа тодорхойлохоос эхлээд таамаглал дэвшүүлэх, тэр таамаглал батлагдахгүй бол буцаад эхлэл рүүгээ очиж дахин дахин засварлах гээд маш нарийн, хариуцлагатай процесс. Заримдаа “Би хаана алдчихав?” гэж өөрөөсөө дахин асууж, бүхнийг тэгээс эхлүүлдэг үе ч бий.

Хамгийн их шантарсан мөч гэвэл олон улсын сэтгүүлд өгүүлэл илгээж, редакцын хариуг хүлээж байсан тэр урт өдөр, хоногууд. Яагаад ч юм, яг тэндээс ирэх мэйл миний бүх хичээл зүтгэлийг хэмжиж байгаа юм шиг санагддаг. Хүлээгээд хүлээгээд татгалзсан хариу ирэхээр сүүлдээ бүр “мэйлээ нээхээс айдаг” болтлоо дарамттай үе олон байсан.

-Судалгааны явцад тулгардаг бэрхшээлүүдийг та хэрхэн даван туулдаг вэ?

-Нэгэнт зорьсон зорилго байхад бэрхшээлд шантрах эрх байхгүй гэж би боддог. Тулгарах асуудал бүрээ гэр бүлийн хүнтэйгээ хуваалцаж, зөвлөгөөг нь сонсоно. Миний хань надтай ижил мэргэжилтэй, багшилж байсан туршлагатай болохоор асуудлыг оновчтой аргаар шийдэх гарцыг зааж өгдөг. Үргэлж урам өгч, дэмждэг нь надад хамгийн том хүч болдог.

Сүүлийн жил гаруйн хугацаанд манай эмээ, аав, ээж, эгч, ах, хамаатан садан, хамт олон, шавь нар хүртэл надад онцгой хүндэтгэлтэй хандаж “Докторын ажлаа бичиж байна уу?”, “Хэзээ ярьж болох вэ?” гэж хүртэл асуудаг болсон. Ийм их дэмжлэг, итгэл нь судалгааны ажлын маань хамгийн том давуу тал. Энэ бүхэн бэрхшээл бүрийг давж, зорилгодоо хүрэх урам зориг, хүчийг өгдөг.

-Танд үлгэр дуурайлал авдаг судлаач бий юу?

-Судалгааны ажилд дагуулан сургасан доктор, дэд профессор Ц.Баясгалан, эрдэм шинжилгээний ажлын удирдагч доктор, профессор Б.Нармандах, найз, өмгөөлөгч Б.Энхцэцэг болон тэнхимийн хамт олондоо үргэлж талархаж явдаг. Судалгааны ажил хийхэд та бүхний үлгэрлэл, зөвлөгөө надад маш үнэ цэнтэй байдгийг онцолмоор байна.

-Дотоод хэргийн их сургуультай ажил, амьдралаа холбосон түүх юу вэ?

-Би 2006 онд эрх зүйн ангид элсэж эрхэм сургуулийнхаа өндөр босгоор нь алхаж байлаа. Оюутан байхдаа хичээлийн бус цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийг эрмэлзэж, сонирхлынхоо дагуу Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн дэргэдэх “Гэмт явдал судлал” клубт элсэн орж, клубийн нарийн бичгийн ажил буюу бичиг цаасны ажлыг хариуцаж байлаа. Клубийн чиглүүлэгч багшаар одоо манай тэнхимийн профессор, доктор /Ph.D/, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Л.Бат-Очир багш ажиллаж байсан юм. Клубийн хүрээнд бид ерөнхий боловсролын сургуулиудаар явж, архи, тамхины хяналтын хуулийг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зурагт хуудсуудыг байрлуулах, суралцагчдын дунд уралдаан, тэмцээн зохион байгуулах зэрэг олон ажилд хамтран оролцдог байлаа. Энэ үе минь намайг сургуультайгаа холбогдох эхлэл болсон гэж боддог.

2010 оны зургаадугаар сард би Их сургуулиа амжилттай төгсөж, гадаад улсад магистрын зэргээ хамгаалах бодолтойгоор бичиг баримтаа бүрдүүлж байсан. Гэтэл сургуулиас холбогдож, Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимд туслах ажилтнаар ажиллах санал тавьсан юм. Тэгээд л би гадаадад сурах бодлоо орхиж, туслах ажилтнаас эхлэн өнөөдрийг хүртэл энэ сургуульдаа ажиллаж байна даа.

-Эрх зүйч мэргэжлийг яагаад сонгосон бэ?

-Би багаасаа нэг их яриад байдаггүй, аливааг ажигладаг, үзэл бодлоо цөөн үгээр тодорхой илэрхийлдэг, бас ширүүн харцтай хүүхэд байсан. Бидний бага насанд томчууд хүний зан араншинг нь ажиглаад ирээдүйд ямар хүн болохыг нь таамаглаж, мэргэжлээр нь дууддаг байсан даа. Миний өвөө намайг ширүүн харцтай, харцаараа хүн айлгасан хуульч болно гэж хэлдэг байлаа. Тэрээр “Чиний харцнаас хүн юу ч нууж чадахгүй” гэж онцолдог байсан нь миний сэтгэлд тод үлдсэн. Тэгээд л эрх зүйч мэргэжлийг сонгож, энэ чиглэлээр суралцахаар шийдсэн.

-Залуу судлаачдад ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хамгийн эхэнд зорилгоо зөв тодорхойл. Тэгээд тууштай бай.

-Судлаач хүний ёс зүйг та юугаар тодорхойлох вэ?

Шударга-Хариуцлагатай-Ашиг, сонирхлын зөрчилгүй байх гэсэн 3 агуулгаар илэрхийлмээр байна.

-Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ?

-Би хүүхэд байхаасаа л энэ сургуулийнхаа хашаанд суралцаж, өдийг хүртэл ажиллаж байна. Өглөө бүр сургуулийнхаа хашаагаар орж ирэхдээ талархлаа илэрхийлдэг. Ажил маань миний амьдралын салшгүй үнэт зүйл учраас хийж буй бүхий л зүйлдээ чин сэтгэлээ зориулахыг эрмэлздэг. “Хурдан явъя гэвэл ганцаараа яв, хол явъя гэвэл олуулаа яв” гэх үгийг би үргэлж санаж явдаг. Тиймээс эргэн тойрныхоо хүмүүст эергээр нөлөөлж, хамтдаа суралцаж, хөгжиж, нэг баг шиг урагш ахихыг хамгийн чухал зарчим гэж үздэг.

Ахлах дэслэгч Д.Дайрийжав

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.212)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram