“АВРАГЧДЫН БАГШ БАЙНА ГЭДЭГ ХАМГИЙН ТОМ БАХАРХАЛ”

Огноо: 2026-03-18
“АВРАГЧДЫН БАГШ БАЙНА ГЭДЭГ ХАМГИЙН ТОМ БАХАРХАЛ”
“АВРАГЧДЫН БАГШ БАЙНА ГЭДЭГ ХАМГИЙН ТОМ БАХАРХАЛ”

Аюул, гамшиг нүүрлэх мөчид хүмүүс хамаг хурдаараа холдохоор яардаг. Харин яг тэр чиглэлд, галын дөл, гамшгийн голомт руу аюулыг сөрөн алхдаг зоригтнууд бол аврагчид. Амьсгал түлэм улаан гал руу “Хэн нэгнийг амжиж аварна” гэсэн итгэлээр орж чаддаг аврагчдын эр зориг, гавьяа зүтгэлийг үгээр илэрхийлэмгүй.

“Галын дөлд ойртоход мэдээж айдас төрдөг. Гэхдээ айдсаас хүчтэй нь бусдыг аврах хүсэл, эх орон, элгэн түмэндээ өргөсөн тангараг байдаг” хэмээн өгүүлэх Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн ахлах багш, хошууч А.Амарболдыг онцолж байна.

            Хошууч А.Амарболд хүүхэд байхаасаа л цэргийн хүн болохыг мөрөөддөг байжээ. Түүний энэ мөрөөдлийн эхлэл нь нисгэгч, хошууч цолтой өвөөгийнх нь үлгэр дуурайл байв. Өвөөгийнх нь ярьдаг нислэгийн тухай, мөн эх орныхоо төлөө зүтгэсэн бахархалтай түүхүүд түүний сэтгэлд цэргийн албаны үнэ цэнийг суулгасан байна. Эмээгийнх нь “Миний хүүд цэргийн дүрэмт хувцас хачин гоё зохино доо” хэмээх үгс ч зүгээр нэг магтаал төдийхөн биш, харин нэгэн мөрөөдлийн эхлэл болон үлджээ.

А.Амарболд дунд сургуулиа төгсөөд л цэргийн албанд мордчихжээ. Цэргээс халагдаж ирээд гал сөнөөгчийн 45 хоногийн дамжаанд суралцаж, нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангид аврагч-гал сөнөөгчөөр ажиллах болсон байна. Тэр үеэс л түүний амьдрал гал түймэр, аюул гамшигтай нүүр тулсан мөчүүдийн дунд үргэлжлэх болжээ.

“Аврагчийн ажил бол зөвхөн гал унтраах тухай биш. Энэ бол хүний амь нас, эд хөрөнгө, итгэл найдвар гээд амьдралын хамгийн үнэт зүйлсийг хамгаалах үүрэг. Галын утаа, аюул дунд ажиллах амаргүй. Гэхдээ хүний амь насыг аварсан мөчийн дэргэд тэр бүх бэрхшээл ор тас алга болчихдог. Бидний ажлын хамгийн сайхан нь хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалчихаад машиндаа суугаад буцах үе байдаг” хэмээн А.Амарболд хошууч ярив. Тэр аварсан хүмүүсийнхээ тоог аль хэдийн тоолохоо больжээ.

Түүний хичээл зүтгэл, ажилдаа хандах хандлагыг хамт олон нь үнэлж 2012 онд тухайн үеийн Хууль сахиулахын их сургуульд суралцуулахаар явуулжээ. Үеийнхэн нь их сургуулиа төгсөж, ажил амьдралдаа хөл тавьж байх үед тэр дөнгөж сонсогч болж байв. Гэвч А.Амарболд хошууч энэ сонголтыг амьдралынхаа хамгийн зөв шийдвэрүүдийн нэг гэж онцоллоо.

Учир нь тэр практикт ажиллаж үзсэн хүний хувьд мэдлэгийн үнэ цэнийг маш сайн ойлгож байлаа. Тиймдээ ч суралцах хугацаандаа хичээл зүтгэл гаргаж, түрүүч цол хүртжээ.

Ийнхүү 2016 онд сургуулиа төгсөөд дэслэгч цол зүүн Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт Эрэн хайх, аврах бүлгийн даргаар томилогджээ. Тэнд ажиллах хугацаандаа мөн л олон удаагийн гамшиг, ослын дуудлагад оролцож, иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Амарболд хошуучийн хэлснээр аврагчийн ажил ганцаарчилсан баатарлаг үйл биш, харин нэгнийхээ төлөө итгэл, эв нэгдэл дээр тогтдог хамт олны хүч аж.

Энэ л хүчээр тэрээр объектын гал түймрийн дуудлагаар 300 гаруй удаа, ой хээрийн түймрийн дуудлагаар дөрвөн удаа ажиллаж амжилттай унтраажээ. Мөн малын гоц халдварт өвчний голомтод хоёр удаа 60 хоног үүрэг гүйцэтгэж, өвчний тархалтыг зогсоох ажиллагаанд оролцож байжээ. Энэ бол аврагчийн алба зөвхөн гал, ус, осол төдийгүй нийгмийн аюул бүхний өмнө зогсдогийг илтгэнэ.

Түүний амьдралд 2019 оноос шинэ үүрэг, шинэ зам эхэлжээ. Тэрээр Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуульд дамжааны захирагч-багшаар ажиллаж эхэлсэн байна.

Түүний удирдсан сонсогчид их сургуулиас зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд тогтмол амжилт гаргаж иржээ. Тухайлбал, 2022 онд “Марш тусгай бэлтгэлийн тэмцээн”-д салаагаар гуравдугаар байр, “Сонсогчийн алдар” гардан тулааны тэмцээнд нэгдсэн дүнгээр дэд байрт шалгарсан аж.

Нэгэн цагт галын утаа, гамшгийн аюул дунд хүний амь аварч явсан тэрээр өнөөдөр анги дүүрэн аврагчдыг бэлтгэж, туулсан замнал, туршлагаа залуу үед өвлүүлж яваа багш болжээ. ““Аврагч байх нь өөрөө бахархал. Харин аврагчдыг бэлтгэдэг багш байх нь бүр ч том бахархал” хэмээн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн багш ахлах багш, хошууч А.Амарболд ярилаа.

Өнөөдөр түүний шавь нар Монгол Улсын 21 аймагт үүрэг гүйцэтгэж, аюул гамшгийн өмнө хамгийн түрүүнд очин ард түмнийхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалан зогсож байна. Түүний ард түмнээ авран хамгаалах андгай тангараг эх орны дөрвөн зүг, найман зовхист үүрэг гүйцэтгэж буй шавь нараар нь дамжин үргэлжилсээр байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.212)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram