СЭТГЭЛИЙН ЭМЧ

Огноо: 2026-05-01
СЭТГЭЛИЙН ЭМЧ
СЭТГЭЛИЙН ЭМЧ

Хүмүүс бие нь өвдвөл эмчид ханддаг. Харин сэтгэл нь өвдөхөд чимээгүйхэн тэвчдэг. “Зүгээр ээ” гэж өөрийгөө аргадаж, “Удахгүй гайгүй болчихно” гэж дотроо шаналсаар явдаг. Гэвч сэтгэл гэдэг нүдэнд үл үзэгдэх атлаа биеэс ч илүү эмзэг эрхтэн. Тоохгүй орхисоор байвал эцэстээ бие махбодыг ч өвтгөдөг нь шинжлэх ухаанаар нотлогдчихсон. Тэгэхээр хамгаас нандигнах ёстой амьд “ертөнц” юм.

Бид сэтгэл зүйн эрүүл мэнд чухал гэдгийг мэддэг. Гэвч ажил, үүрэг, албан хариуцлагын дунд стресс, айдас, ганцаардал, үл ойлголцол гээд олон сөрөг мэдрэмжийг авдаг. Тэр болгоныг “Зүгээр дээ” хэмээн дотроо хадгалсаар байх уу?

Азаар манай хамт олны дунд маш сайн “сэтгэлийн эмч” нар бий. Тэдний нэг нь цагдаагийн дэд хурандаа Д.Отгонсүрэн.

Хааяа нэг асуудалд бүдэрч, бодол санаа зангирч, гарцгүй мэт санагдах үед би түүний өрөөг зорьдог. Тэр өрөөний хаалгыг тогших агшин өөрөө нэг төрлийн зориг. Харин дотогш ороход угтдаг тайван уур амьсгал, ухаалаг бөгөөд дөлгөөн харц, анхааралтай сонсох байдал нь сэтгэлийн зангилааг аажмаар суллаж өгдөг.

Тэр шүүхгүй. Яаруулахгүй. Зөв бурууг яллахгүй. Зүгээр л сонсоно. Хааяа нэг толгой дохиж, “Ойлгож байна…” гэх энгийн үгс хэлэх нь ямар их түшиг болдог гээч. Бүхнээ ярьж дуусаад хаалгыг нь хаахад сэтгэлийн ачаа хөнгөрч, амьсгаа уужирч, бодол цэгцэрсэн байдаг.

Хүн болгоны зовлон өөртөө л том. Зарим нь утга учиргүй мэт, зарим нь хэнд ч яримааргүй эмзэг. Тэр бүхнийг өдөр бүр сонсож сууна гэдэг амаргүй ажил. Гэвч Д.Отгонсүрэн дэд хурандаа энэ ажлаа “хэцүү” гэж бус “хэрэгтэй” гэж хардаг. “Хэн нэгний сэтгэлд гэрэл асааж, сэтгэлийн ачаанаас нь хөнгөлж чадвал тэр л хангалттай” гэх нь хайрламаар.

Түүний өрөө бол зүгээр нэг ажлын байр биш. Итгэл хадгалдаг орон зай. Тэнд бусдаас алдаа, буруу эрдэггүй. Тэнд сул талыг шүүдэггүй, харин дотоод хүчийг сануулдаг. Тэнд хүн ганцаараа биш гэдгээ ойлгодог.

Сэтгэлийн эмч гэдэг эм тан бичдэг хүн биш. Харин итгэл бичиж өгдөг хүн. Урам зориг “жорлодог” хүн. “Та чадна”, “Энэ бол түр зуурынх”, “Та ганцаараа биш” зэрэг энгийн үгсээр хүний доторх нуранги дээр гүүр барьж өгдөг хүн юм.

Бид биеийн дархлаагаа дэмжих гэж хичээдэг шигээ сэтгэлийн дархлаагаа ч бас анзаарах хэрэгтэй. Харин тэр дархлааг дэмжиж, хамгаалж, бэхжүүлж байдаг хүмүүсийн нэг нь Д.Отгонсүрэн дэд хурандаа юм.

Тиймээс сэтгэл өвдвөл дотроо түгжиж, ганцаараа шаналахын оронд хаалгыг нь тогшоод очоорой. Тэнд таны үгийг анхааралтай сонсох орон зай, таныг ойлгох зөөлөн харц, босоход туслах “сэтгэлийн эмч” бий.

Ахлах дэслэгч Д.Дайрийжав

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.212)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram