Монгол Улсын боловсролын ууган их сургуулиудын нэг Дотоод хэргийн их сургуулийн 92, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 96 дахь "Төгсөлтийн баяр"-ын ёслолын ажиллагаа өнөөдөр /2026.06.27/ Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо.
Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор /Ph.D/, профессор, бригадын генерал Т.Сүхболд болон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, хамтын ажиллагаатай гадаадын Элчин сайдын яамдын удирдлага, эрдэмтэн багш нар оролцлоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төгсөгчдөд баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр Монгол Улсынхаа тусгаар тогтнол, газар нутаг, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүргээ төгсөгчид нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлж, цаашид шинжлэх ухаан, технологи, цэргийн хэргийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхаж, мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлэн, эзэмшсэн мэргэжил, зүүсэн цолондоо эзэн нь байхыг захилаа.
2025-2026 оны хичээлийн жилд Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийг магистрын 4 хөтөлбөрийн 21, Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Онцгой байдлын сургууль, Шинжлэн магадлах ухааны сургуулийг бакалаврын 12 хөтөлбөрийн 455 сонсогч, суралцагч төгслөө.
Шилдэг төгсөгчдөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх боловсролын зэргийн диплом, энгэрийн тэмдэг, цол гардуулав.
Төрөлх сургуулийнхаа түүхийн хуудсанд мөрөө үлдээж, сурлага, судалгааны ажил, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлан амжилттай суралцсан “Удирдлагын академи”-ийн төгсөгч Б.Түмэнжаргал, Ц.Саруулсайхан, Цагдаагийн сургуулийн төгсөгч С.Дөлгөөн, Б.Эрхэм-Эрдэнэ, Хилийн албаны сургуулийн төгсөгч Т.Отгонтөгс, Т.Бадамрагчаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн төгсөгч З.Эрдэнэбилэг, А.Янжин, Онцгой байдлын сургуулийн төгсөгч Л.Отгонбаатар, Шинжлэн магадлах ухааны сургуулийн төгсөгч Ч.Анужин, Б.Есү нарын 41 төгсөгч “Онцлох диплом”-той төгслөө.
Мөн магистрын сургалтад элсэлтийн шалгалтгүйгээр суралцах эрхийн бичгээр 112, докторын сургалтад элсэлтийн шалгалтгүйгээр суралцах эрхийн бичгээр 1 сонсогч, суралцагч шагнуулав.
Ийнхүү төрийн тусгай албаны эгнээнд элсэн орж буй шинэхэн офицерууд алтан мөрдсөө гялалзуулан эх орныхоо дөрвөн зүг найман зовхист дотоод аюулгүй байдлыг хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээж, гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын хил манах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шинжлэн магадлах, гамшигтай тэмцэх, авран хамгаалах ажиллагааг гардан хэрэгжүүлэхэд бэлэн боллоо.
Эрхэм төгсөгчдийнхөө амьдралд нь аз жаргал, хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлыг хангах үйлсэд нь өндөр амжилт хүсье.